Уяачид хаврын морин уралдааны асуудлыг хоёрдугаар сарын 17-нд Төрийн ордонд хэлэлцэнэ

Монголын Үндэсний морин уралдаан, Уяачдын холбооны 2 дугаар Их хурал 2025 оны хоёрдугаар сарын 17-нд Төрийн ордонд зохион байгуулагдана.
Монголын Үндэсний морин уралдаан, Уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд:
-Үндэсний их баяр наадмын тухай хуульд Монгол үүлдрийн адуугаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хуулийг батлуулахад голчлох үүрэг гүйцэтгэж ажилласан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэхүү хуулийн зохицуулалт хэрэгжихгүй байна.
2020 онд Монгол адууны стандарт батлагдсан бөгөөд ганц сэрвээний өндрөөр хэмжээд эрлийз морийг монгол адуугаас ялгаж болдоггүй гэсэн асуудал сүүлийн хэдэн жил гарч байгаа юм. Ашиг сонирхлын зөрчилтэй салбарын сайд нар өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол адууны стандартыг шалтгаангүйгээр хойшлуулж ирсэн.
Монгол үйлдвэрийн адууны удмын санг хамгаалах төлөвлөгөөг Засгийн газар баталж хэрэгжүүлнэ гэдгийг хуульд заасан ч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. 2022 оноос хойш Үндэсний их баяр наадамд нэг ч монгол адуу айрагдаж түрүүлээгүй.
Малчид өвлийг өнөтэй давбал монгол мориороо уралддаг 100 жилийн өв соёл бий. Харин эрлийз морьд уралдах ёсгүй. Бид хаврын морин уралдааны асуудлыг хоёрдугаар сарын 17-нд төрийн ордонд болох их хурлаараа хэлэлцэх болно гэлээ.