Б.Энх-Амгалан: Би холбогдсон хэргээ одоо ч гайхдаг. Шоконд ороод л явж байна

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр /2025.02.03/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж байна.
Шүүх хурлын үеэр Б.Энх-Амгалан мэдүүлэг өгөв:
Тэрбээр, “Би холбогдсон энэ хэргээ одоо ч их гайхдаг. Шоконд ороод л явж байна. Би энэ З.Энхболд гэдэг хүнтэй танил биш. Ах дүү, амраг садны холбоо байхгүй. Бид хоёр худ ураг биш. Нэг нутаг ус ч биш. Нэг намын харьяалалгүй. Нэг дор ажиллаж, суралцаж байгаагүй. Найз нөхдийн холбоогүй. Хамтарч бизнес хийж байгаагүй. Энэ хэргээс өмнө би энэ хүнийг таньдаггүй байсан. Эдний ах дүү амраг садан хүргэн бэр хамаарал бүхий компани байтугай З.Энхболд гэдэг хүнийг би таньдаггүй байсан. Гэтэл энэ хэрэг дээр бие биеэ таньдаггүй хоёр хүн хуйвалдаад, урьдчилан тохиролцоод, гэмт хэрэг үйлдэхээр үгсэн хуйвалдаж, улс төрд нөлөөтэй байдлаа далимдуулаад Зам тээврийн сайдын 134 тоот тушаал гарчихсан юм шиг материал бүрдүүлсэн явдалд харамсаж байна.
Нийслэлийн прокурорын газраас миний биеийг Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж “Страто” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын II багын нутаг дэвсгэрт байрлах нүүрс угааж баяжуулах үйлдвэр лүү нүүрсний тээвэр хийх ашиг сонирхолын үүднээс Зам тээвэр хөгжлийн сайдын 2019 оны тавдугаар сарын 03-ны өдрийн 134 дугаартай авто зам шилжүүлэх тушаал гаргаж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгой нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх орон нутгийн чанартай автозамыг улсын чанартай автозамын ангилалд шилжүүлж 2019 оны долдугаар сарын 01-ны өдрийн 227 дугаартай эрх түр эзэмших тухай тушаалаар Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км улсын чанартай автозамыг түр хугацаагаар эзэмших эрхийг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д олгож, “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр буруутган, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлээд байна.
Намайг буруутгаад байгаа прокурорын яллах дүгнэлтийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яллах дүгнэлтэд заасан хоёр тушаалыг би гаргахдаа зөвхөн хуульд захирагдана нийтийн эрх ашгийн төлөө, төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хамтын шийдвэр гэдэг нь баримтаар бүрэн нотлогдож байгаа” гэлээ.