Ж.Ганбат: Эрдэнэс Тавантолгой ХК 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан

0

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас компанийн үйл ажиллагааны талаар тодрууллаа.

-Эрдэнэс Тавантолгой ХК-д БЭТ томилсон хугацаанд Монгол Улсын валютын урсгал хэрхэн нэмэгдсэн вэ?

-Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 26-нд Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоож,  бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон. Зургаан сарын хугацаанд 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй  13 сая тонн нүүрсийг борлуулсан. Онцгой дэглэм тогтоосноос хойш 800 орчим сая ам.долларыг бэлнээр оруулж ирсэн. Энэ хэмжээгээр Монгол Улсын валютын орох урсгал нэмэгдсэн.  

Мөн урьдчилж авсан 270 сая ам.долларын өрийг барагдуулсан. Төмөр замтай холбоотой оффтейк гэрээний 200 орчим сая ам.долларын өрийг төлсөн. Зөвхөн 2023 оны I улиралд бид 440 гаруй сая ам.долларыг оруулж ирсэн.

-Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2023 оны зорилго хэд вэ? Нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх боломж байна уу?

-Энэ онд 23 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөг ТУЗ баталсан. Эрдэнэс Тавантолгой ХК бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллахад сард 2-2.5 сая тонн нүүрс борлуулах боломжтойг өнгөрсөн зургаан сарын хугацаанд бид харуулсан. Цаашид үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ. Энэ оны эхний I улиралд 7.5 сая тонн нүүрс борлуулсан. Энэ эрчээрээ явахад оны эцэс гэхэд 30 орчим сая тонн нүүрс борлуулах зорилт тавьж байна.

-Өнгөрсөн хугацаанд нүүрсийг сорчилж зарсан асуудал их яригддаг?

-Эрдэнэс Тавантолгой ХК 13 жилийн түүхтэй. Ихэвчлэн сайн чанарын нүүрс борлуулж ирсэн. Уурхайд эрчим хүчний нүүрс, сул коксжих нүүрсний нөөц их байна. Эрдэнэс Тавантолгой ХК сорчлохгүйгээр олборлосон бүх бүтээгдэхүүнээ зарах зорилго тавьж байгаа. Энэ хүрээнд хоёр удаагийн арилжаагаар 200 мянган тонн эрчим хүчний нүүрсийг биржээр зарсан. Одоо сул кокжсон нүүрсийг борлуулахаар зорьж байгаа.

Энэ онд 6 сая тонн сул кокжсон нүүрс, 2.5 сая тонн эрчим хүчний нүүрс борлуулах зорилготой байна.

-Нүүрс угааж, баяжуулах үйлдвэр байгуулах ажил ямар шатанд яваа вэ?

-Бид Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг үнэд хүргэхийн төлөө ажиллаж байна. Үүний тулд нүүрсийг угааж баяжуулах ёстой. Угаах үйлдвэрийн төсөл хэрэгжиж байна. Гэрээний дагуу 2024 оны 07 дугаар сард ашиглалтад орно. Угаах үйлдвэрийг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна.

-Угаах үйлдвэрийн хүчин чадал ямар байх вэ? Энэ үйлдвэр ашиглалтад орсноор нүүрсний үнэ яаж нэмэгдэх үү?

-Үйлдвэр жилд 10 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор нүүрсний үнэ одоогийнхоос тонн тутамд 60-80 ам.доллараар нэмэгдэнэ.

-Иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуулт бол 1072 хувьцааны ногдол ашиг. Компани ямар хэмжээний ашигтай ажилласан вэ, ашгийг иргэдэд тараах уу?

-Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 18.4 хувийг 2012.04.11-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшдэг. Компани 2019 оны ашгаас 2020 онд нэг иргэнд 96 000 төгрөгийн ногдол ашиг өгсөн. Компанийн хамгийн зөв засаглал бол хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах. 

Өнгөрсөн 2022 оны жилийн эцсийн тайлангаар 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Энэ ашгаас 2.5 сая иргэнд 2020 оны зарчмаар хуваарилавал нэг иргэнд 100 гаруй мянган төгрөг ногдоно. 

Гэхдээ бидэнд өөрийн төслүүдээ дуусгах зайлшгүй шаардлага байна. Угаах үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулж, орлогоо нэмэгдүүлэх нь нэн тэргүүнд чухал. Бидэнд ногдол ашиг тараах уу эсвэл угаах үйлдвэрээ дуусгаж, хувьцаа эзэмшигчдэдээ илүү үр өгөөж хүргэх үү гэдэг сонголт байна. Бид энэ асуудлыг ТУЗ-д танилцуулна. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 04 дүгээр сарын 28-нд зарласан. Энэ хурлаас эцсийн шийдвэр гарна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *