Нэг сэдэв | “Нүүдэлчин” зуух холбоогүй болж, О.Алтангэрэл ЦЕГ-ынхнаас “холдуулж”, үеэл ах нь дүүгээ хамгаалав

0
odbyr-urnaa-egc-zlb

Хураангуй:

  • О.Одбаяр өчигдөр 15.10 цагт мэдээлэл хийв. Оройн 21.00 цагт хувийн, эмзэг мэдээлэл бүхий, цагдаагийн рапорт байж болзошгүй хуудас анхдагч албан эх сурвалжгүйгээр цацагдав.
  • ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Эмзэг мэдээлэл задруулсан эздийг олж хариуцлага хүлээлгэнэ, талийгаач эмэгтэй архины хамааралтай байгаагүй” гэж мэдэгдэл хийв.
  • Рапортыг зохион байгуулалттай цацсан байж болзошгүй нөхцөл үүсэж, цагдаагийн байгууллага ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлэв.
  • О.Одбаярыг мэдээлэл хийхэд хориглож байсан хамаатны ах нь “Түүнд үг зааж өгсөн тул эрсдэлээс хамгаалахыг оролдсон” гэж тодруулга өгөв.
  • Ерөнхий сайдыг огцруулах шаардлага дэвшүүлж эхлэв.
  • Талийгаач эмэгтэй нагац ах манай сайтад “Гэр бэлэглэх үеийн тэр зураг зөвхөн Ардчилсан нам, дүүргийнхэнд л байсан” гэж тодруулга өгөв.
  • Түүнчлэн Баянгол дүүргийн 22-р хорооны нийгмийн ажилтан уугаар мэдрэгчийг харамсалтай үйл явдал болсны дараа байршуулсан гэж мэдээллээ.

Дэлгэрэнгүй:

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух нэг айлын зургаан хүн угаартсан байдалтай нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гарсан. Цэрэгт яваад үлдсэн О.Одбаяр хүүг “ар гэрийн гачигдал”-аар чөлөөлсөн бөгөөд өчигдөр /2025.02.06/ мэдээлэл хийсэн юм.

Өрнөсөн үйл явдлыг он, цагийн дараалалтайгаар хүргэж байна.


2025.02.06 /15.10 цаг/

Гэр бүлийн зургаан гишүүнээ угаарын улмаас алдсан О.Одбаяр өчигдөр /2025.02.06/ төрийн ордны гадна мэдээлэл хийсэн.

Тэрбээр, “Би гэртээ өнгөрсөн сарын 26-нд чөлөөгөөр иртэл надад “Миний дүү тайван байгаарай гээд гэртээ орсны дараа ээж, дүү нар маань, ах өнгөрсөн гэж хэлсэн.  Төрөөс буцалтгүй тусламжаар ажил явдалд нь зориулж таван сая төгрөг өгсөн. Бусад айлуудад ч ийм хар толбо битгий учраасай. Нүүрс түлээд бид угаартаж үхэж байна. Мэдээлэл хийвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн. Үүний дараа шалгуулаад явна” хэмээн ярьсан юм.


2025.02.06 /16.20 цаг/

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр гарч ирж мэдээлэл өгөв.

Тэрбээр, “Иргэн О-г хэвлэлд мэдээлэл өгч болно, болохгүй гэдэг асуудал яригдаагүй. Тийм хууль байхгүй. Хэргийн оролцогч биш учраас түүнд эрх үүрэг сануулж, гарын үсэг зуруулах ямар нэг хуулийн зохицуулалт байхгүй. Харин мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл задруулах нь эргээд төвөг учруулах эрсдэлтэй гэдгийг сануулсан” гэсэн юм.


2025.02.06 /21.00 цаг/

Өчигдөр 21.00 цагийн үед хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг цадаагийн байгууллагын илтгэх хуудах хэлбэрээр цахим орчинд тараав. Тухайн бичигт, хүүг хулгайч, ээжийг нь архичин, дүү нарыг нь ядуу байсан гэж зарласан юм.

Улмаар өчигдөр шөнө ЦЕГ-ын дэд дарга Н.Мөнхзулаар ахлуулсан яаралтай ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж эхэлжээ. Бичгийг тараасан эзнийг хайж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 13.10, 13.11-р зүйл заалтаар ял шийтгүүлэх юм.


2025.02.07 /09.00 цаг/

Цахим орчинд тараасан бичгийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуягаас манай редакц тодруулсан.

Чингэхэд, “Угаартаж амиа алдсан гэр бүлийн мэдээлэл нь Цагдаагийн протокол биш, хаанаас гаргасныг нь судалж байна” гэх хариултыг өгсөн юм.


2025.02.07 /09.15 цаг/

О.Одбаяр өчигдөр /2025.02.06/ мэдээлэл хийхдээ “Цэргийн ангиас ирэх үед, олон нийтэд мэдэгдэл хийж болохгүй” гэж хэлсэн.

Тэрбээр, Сүхбаатар аймгийн Онгон сумын 0184 дүгээр ангид алба хаадаг. Тус ангийн захирагч Ч.Батжаргал “Бидний зүгээс нийтэд мэдээлэл битгий өг” гэж хэлээгүй. Хоёрдугаар сарын 3-ны өдөр О.Одбаярын халагдах тушаал албан болж манай анги дээр ирсэн” хэмээсэн.


2025.02.07 /10.00 цаг/

Угаартаж амиа алдсан айлд “Нүүдэлчин” зуухыг тарааж өгсөн байсан бөгөөд цаг хугацааны хувьд зургаан иргэн угаартаж амиа алдсаны дараа буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр 32 мянган зуух тараах тендерийг цуцлах шийдвэрийг гаргажээ.

Анх “Нүүдэлчин” зуухны талаар Байгаль орчин, уур амсьгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “2010 оноос хойш тараасан зуухнууд эвдэрч хуучирч, тал талаас нь утаа гардаг болсон. Тиймээс шинэчлэл хийхгүй бол хүмүүс угаартаж нас барж байна. Монгол инженерийн загвараар давхар шаталттай зуухыг айлууддаа орон нутгийн сангийн хөгжлийн мөнгөөр өгсөн юм билээ. Огт утаа гаргадаггүй зуух байсан” хэмээн хэлж байсан билээ.


2025.02.07 /13.00 цаг/

Өчигдөр Төрийн ордны зүүн хаалганы үүдэнд О.Одбаярыг мэдээлэл хийхийн өмнө хориглож, гараас нь татсан үеэл ахтай нь холбогдож тодрууллаа.

Тэрбээр, “Шүүх шинжилгээний дүгнэлт гарсны дараа баримт нотолгоотой, хуулийн хүрээнд Засгийн газраас хариуцлага нэхэж, хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөсөн байсан. Гэтэл дүү өчигдөр гэнэт өөрөө хүрээд ирсэн. Нэг сэтгүүлч түүнд хэлэх үгийг нь зааж өгч, бусад сэтгүүлчдэд зар тараасан. Тийм учраас би болзошгүй эрсдэлийг л сануулсан. Одоо асуудал бүр улстөржөөд явчихлаа. 18 настай хүүхдийг маш том эрсдэлд оруулчихлаа” гэсэн юм.


2025.02.07 /10.45 цаг/

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийхдээ, “Өчигдөр хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг цадаагийн байгууллагын илтгэх хуудах хэлбэрээр агуулсан бичиг цахим орчинд тархсан. Зориудаар тараасан мэдээлэл гэж урьдчилсан байдлаар үзэж байна. Тухайн хуудсанд бичигдсэн мэдээллийн зарим нь цагдаагийн байгууллагад, зарим нь халамжийн байгууллагад хадгалагдаж байсан. Хувийн мэдээлэл задруулалтад цагдаа оролцсон байвал ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлнө” хэмээсэн юм.


2025.02.08 /15.36 цаг/

“Зургаан хүн угаартаж амиа алдсаны дараа угаар мэдрэгч суулгасан”

БГД 22 хороо Зүүн нарангийн гудамж Зургийг Б.Эрдэнэбаяр

БГД-ийн 22 дугаар хорооны нийгмийн ажилтан сэтгүүлчийн асуултад дараах байдлаар хариулав.

-Угаар мэдрэгч тухайн айлд байсан уу?

-Тэр айл дамжуулагчтай угаар мэдрэгчтэй байсан.

-Угаар мэдрэгч нь ажиллаж байгаа эсэхийг хаанаас шалгадаг вэ?

-Манайх дөрвөн удаа шалгасан. Гэхдээ угаар мэдрэгчийг Тавантолгой түлш ХХК-ийнхан өөрсдөө шалгадаг.

Харин угаараар амиа алдсан эмэгтэйтэй хамт амьдарч байсан нагац ах нь дараах мэдээллийг өгөв.  

-Танайд угаар мэдрэгч байсан уу. Харамсалтай хэрэг гарах үед ажиллаж байсан уу?

-Энэ талаар яривал бас бөөн юм болох байх. Угаар мэдрэгч сая хэрэг гарсны дараа ирж суурилуулсан” гэсэн юм.

Эх сурвалж : Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *