Явган хүний замын зорчих хэсэг дээр байрлаж байгаа гэрлийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлнө
2023/04/13
Нийслэлийн хэмжээнд явган хүний зорчих хэсэг дээр 1299 гэрлийн болон тралейбусны шон байрлаж байна. Нийслэлд гэрэлтүүлгийн үйл ажиллагааг 16 аж ахуйн нэгж гүйцэтгэдэг.
Эдгээр аж ахуйн нэгжүүд өөрсдийн хариуцдаг нутаг дэвсгэр дээрх явган хүний замын зорчих хэсгийн гэрлийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг хийнэ.
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Усны гудамжинд явган зорчих хэсэг дээр байрлах 12 шонг чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Энэ ажлыг Гэрэлтүүлэг чимэглэл ХХК гүйцэтгэх бөгөөд Захирал А.Цогтсайхан хэлэхдээ Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу манай компанийн хариуцдаг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээрээс нийт 55 гэрлийн шонг шилжүүлнэ.
Өнөөдөр Усны гудамжны 12 шонг шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Дараа нь СБД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Болгарын гудамжинд 8 шонг шилжүүлэх ажлыг хийнэ. Цаашид бусад шонгуудыг үе шаттайгаар шилжүүлж зорчих хэсгийг чөлөөлнө. Шонг шилжүүлэхдээ өндөр хүчдэл, дулаан, ус зайлуулах шугамуудын шалгалтын ажлуудыг мэргэжлийн байгууллагуудаар нь заавал хийлгэх шаардлагатай байдаг.
Гэрлийн шонг шилжүүлэхэд ойролцоогоор 2 хоног зарцуулна. Шилжүүлэх талбайгаа бэлтгэсний дараа замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар шонг шилжүүлэх аж.