MCS ба АПУ-гийн нэгдэл: “Хараал идсэн” Тавантолгой

0
oyunerdene-mcs-apu-zlb

 

Ерөнхий сайд ямар үед огцрох вэ. Ямар үед түүнийг огцруулдаг вэ?

Манай Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил. Дунджаар жил хагас болоод л нэг Ерөнхий сайд бууна гэсэн үг, ямар нэгэн шалтгаанаар. Үнэндээ тэнд ард түмний хүсэл зориг төдийлөн шууд үйлчилж байсангүй. Харин институц хоорондын зөрчил, тэгээд хэн нэгний албан бланк, гарын үсгүүд, эцэст нь кноп: Цаана нь улс төр, эрх ашиг хоёр л байсаар ирэв.

Харин аливаад ажил хэрэгчээр хандъя гэсэн бол, жишээ нь хэн ч хагас жилийн дотор гурван Засгийн газар солихыг хүсэхгүй. Учир нь улс хөгжмөөр байна. Нөгөө талд, тэдгээр тогтворгүй үеүдэд дандаа баялгийн асуудал хэлэлцсэн байдаг. Ерөнхий сайд огцорсон улс төрийн шалтгаан бүрийг хуруу дараад нэрлэчих боломжтой, тийм тодорхой. Өнгөрсөн түүх бидэнд тэгж чиг гаргаж өгнө. Учир нь Ерөнхий сайд нь солигддог ч, сольдог эзэд нь 20 гаруй жилийн турш хэвээр байгаа юм.

Өнөөдөр баялгийн асуудал хэлэлцэгдэж байна. Ямар баялаг, Тавантолгой. Түүнийг хилээр гаргах асуудал. Харин MCS уурлаж, сүүлдээ АПУ түүний эрх ашгийг хамгаалж гарч ирлээ. Хуучирсан, хариуцлагагүй технологид ашиглагдаж байгаа нь шинэ парламентын шинэчлэгдсэн популистууд болох Д.Энхтүвшин, Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нар мэт харагдаж байна.

Энэ бүхнийг нухацтай тайлбарлах гээд үзье.

“Чайна энержи”-гийн хэлэлцээр: 1997 оноос хойш хүссэн “Энержи ресурс”-ийг дахиад оруулсангүй

Тавантолгой гэдэг сэдэв бол үндсэндээ 1997 оноос хойш “Энержи ресурс”-ийн буюу MCS-ийн ашиг сонирхол байсаар ирснийг монголчууд мартчихаад байх шиг.

Өнөөдрийн Тавантолгойг Сү.Батболд дангаараа эзэмшиж байсан гэвэл итгэх үү. Дараа нь 1997 онд “Энержи ресурс” авсан (Сү.Батболд өгсөн), авахдаа хайгуулын тусгай зөвшөөрөл нэрээр. Атал энэ 60-аад жилийн турш хийдэг хайгуулаа хийчихсэн орд байв. 10 жилийн дараа, 2007 онд ашиглалтын лиценз болголоо. Ийнхүү эзэмшээд зогсохгүй ухдагтаа тулаад ирмэгц жилийн дараа төр хуулиа санасан. Эрх ашгууд ч хөндөгдсөн. Төрийн мөнгөөр хайгуулыг нь хийчихсэн, нүүрсний хувьд “Эрдэнэт” шиг өгөөжтэй энэ ордыг шууд хувийн хэвшилд зүгээр өгчихсөн нь хэвийн үү? гэдгийг хөндөв.

Ч.Сайханбилэгийн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг цаасан дээрх шинэхэн компанид шууд өгчихье гэдэг шийдвэрийг УИХ-аар оруулалгүй, Засгийн газрын тэмдэглэлээр шийдчихсэн нь ердөө түүхийг давтсан явдал байв. Учир нь 2008 онд “Энержи ресурс” үүнийг хийсэн юм.

С.Баярын Засгийн газрын үед “Энержи ресурс” Тавантолгойн бүлэг ордоос тавыг нь төрд, яах аргагүй хуульд захирагдан буцааж өгсөн мөртлөө “Ухаа худаг”-ийг нь авч үлдэх тохироо ердөө тийм хүрээнд шийдэгдсэн байдаг. Төр төлөөлж ганцхан сайдын гарын үсэг зурагдсан. Тэгээд л болчихсон, 2008 он.

Солбилцлыг нь шинээр бичүүлж байгаад “Энержи ресурс” Ухаа худагийг авч үлдэхдээ дээрх хэлэлцээрт нэг заалт багтааж амжжээ. Энэ бол “Хэрэв төр Тавантолгойн бүлэг ордын бусад хэсгийг хувийн хэвшилд зарах, хамтран ашиглах болбол нэн тэргүүнд “Энержи ресурс”-д санал болгоно” гэдэг. Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс” өнөөдрийг хүртэл Тавантолгой дээрх эрх ашгаа сул тавихгүй явж ирсэн үндэс эндээс эхтэй юм.

Манай төр том төсөл хэрэгжүүлж сураагүй, үзээгүй цаг л даа. Харин “Энержи ресурс” Ухаа худагт хөрөнгө оруулалтаа татаад, уурхайгаа бариад, ухаад, зөөгөөд эхэлсэн бол төр нь буцааж авсан Тавантолгойгоо яаж ашиглахаа мэдэхгүй жаал ухантсан, хэрэлдсэн.

Ингээд 2015 онд төр Тавантолгойг одоо нэг хөдөлгөе гэлээ. “Энержи ресурс” дахиад авах гэсэн. БНХАУ-ын “Шиньхуа”-тай хамтарч аваад, ашиглая гэсэн. Харин энэ удаа УИХ-аар оруулсан тулдаа 40 гишүүн эсэргүүцсэнээр болиулсан. Улмаар “Эрдэнэс тавантолгой” гэж төрийн мэдлийн компани байгуулагдан, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Мэдээж тэнд хулгай зөндөө гарсан.

Дараа нь нүүрсээ төмөр замаа бариад, түүгээр гаргая гэлээ. Төмөр замыг нь дахиад “Энержи ресурс” барихаар лоббидлоо. Бариулсангүй.

Хил холболтын төмөр замаа хийе гэлээ, мөн “Энержи ресурс” хятадын компанитай консорциум болж орж ирлээ. Хийлгэсэнгүй.

Өнөөдөр тэр хил холболтын төмөр замыг БНХАУ-ын өмнө ичиж улайж байгаад “Одоо яг барья аа” гээд “Чайна энержи”-г царай алдаж яваа нь энэ удаагийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм.

Харин залуухан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Чайна энержи” хариулахдаа,

  • Тавантолгойн бүлэг ордоос хоёрт нь олборлолт хийнэ, өөрсдөө тээвэрлэнэ гэсэн. 16 жилийн турш тогтмол тооны нүүрсийг Гашуунсухайтын төмөр замаар Хятадын тал авна гэв.

Монголд ашиггүй тусах агуулга энд байхгүй. Эдийн засгийн өгөөжийн хувьд хамгийн алдагдалгүй, эрсдэлгүй, тогтвортой хувилбар дээр 10 жилийн дараа тогтож чадлаа. Нэг л гэм бий, нөгөө “Энержи ресурс”-ийг л дахиад оруулсангүй.

Гурван өнцөг: “Энержи ресурс”-д Тавантолгойг өгөөгүй нь дампуурахаас аварсан ч байх талтай

Энд нэг аргумент гарч ирдэг. “Энержи ресурс”-д зүгээр өгчхөж болоогүй юм уу. Тэд 2015 онд “Шиньхуа”-тай хамтраад Тавантолгойг ухсан бол монголчууд хожих байсан ч юм бил үү. Гашуунсухайтын төмөр замыг, хил холболтын төмөр замтай нь бариулчихсан бол моодонд ороод байгаа “Алдагдсан боломж” гэдэг ойлголт яригдахгүй байсан юм биш үү. Өөрөөр хэлбэл, яагаад үеийн үед дандаа “Энержи ресурс”-ээс Тавантолгойг, төмөр замтай нь харамласан юм бэ?

Харах өнцөг гурав байна. Нэгт, 2015 он бол эдийн засгийн хямралтай жилүүд. Ялангуяа нүүрсний үнэ навс унасан цаг. Гадаадын хөрөнгө оруулагчид болгоомжилсон аястай. Хэрэв тэр үед “Энержи ресурс”, “Шиньхуа”-тай хамтраад Тавантолгойг хөдөлгөсөн бол дампуурах байсан гэх прогноз. Хэд хэдэн эдийн засагчийн хэлсэн үгээс эшилж байгаа юм.

Хоёрт, “Энержи ресурс”-ийн толгой компани өөрөө Монголд бүртгэлгүй явдаг ч ил хэлэлцэгддэггүй.

Энэ бол ММС буюу Монголиан Майнинг Корпорац гэж гадаадын зах зээлд хувьцаа гаргадаг компани. Түүний доор Хонг Конгд бүртгэлтэй “Mongolian Coal Corporation Limited” гэж бий. Түүнийг Люксембургд (оффшор бүс) бүртгэлтэй “Mongolian Coal Corporationn S.a.r.l” гэдэг компани эзэмшинэ. Түүний доор “Энержи ресурс Корпораци”, дахиад түүний доор “Энержи ресурс” ХХК бий.

2-3 дамжиж байж сая Монголд бүртгэлтэй “Энержи ресурс” гарч ирж байгаа биз.

Нөгөөтээгүүр, дээр дурдсан Хонг Конгод бүртгэл бүхий “Mongolian Coal Corporation Limited” нь дахиад оффшор бүс дэх “Baruun Naran s.a.r.l”, БНХАУ-д бүртгэлтэй “Tianjin Zhengcheng Import and Export Trade Co., Ltd” гээд хоёр салдаг.

Одоо энэ эхний шалтгаантай уялдана. 2014 оны байдлаар “Энержи ресурс”-ийн толгой компани 1 тэрбум гаруй ам.долларын өртэй байв. Түүндээ охин компаниудаа барьцаалж, Монгол дахь компаниудаараа баталгаа гаргачихсан.

Гэтэл “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн зөвхөн 49 хувийг аваад зогсохгүй, тус компанийн,

  • Газар эзэмших
  • Уурхайн үйл ажиллагаа явуулах
  • Хуулийн хүрээнд төлөөлүүлэх бүх эрх “Энержи ресурс”-д очих хэлэлцээр орж ирсэн байдаг.

Санхүүгийн хямралын жил, хамаг хувьцаагаа өрөндөө барьцаалчихсан компанид ийм эрхүүдийг өгч болох уу. Хэрэв дампуурвал “Эрдэнэс тавантолгой”-г шууд өрөндөө тавиад тууна гэсэн үг.

Үүнийг S&P, Moody’s гэж хоёр ч агентлаг нотолсон.

Товч дурдъя,

  • S&P: Одоогийн хөрөнгө нь зээлийн эргэн төлөлтөд хангалттай ч Тавантолгойд хөрөнгө оруулбал зээлжих зэрэглэл нь буурна. Үйл ажиллагааны ашгаар зээлээ төлөх боломжгүйд хүрнэ. Зээл ба үйл ажиллагааны харьцаа 5.0-оос дээш гарна, энэ нь зээл төлөх чадваргүй, эрсдэлтэй компанийн ангилал.
  • Moody’s: Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасан. Гэтэл тус компанийн өөрийнх нь хувьцаа тасралтгүй унаж буй, ирэх арванхоёрдугаар сард (2015 оны) бэлэн мөнгөгүй болно. Дахиад бонд босговол 20-иос дээш хувийн хүүтэй гарна, энэ санхүүгийн хувьд хүндэрснийг илтгэж байна.

Ерөнхийдөө “Энержи ресурс” чадамжгүй бөгөөд найдваргүй цаг хугацаа байсан гэсэн үг.

Гурав дахь нь, улс төр ба бизнесийн бүлэглэлийн зодоон. Энэ бүхэн бол нэг нь авах гэхэд нөгөө нь өгөөгүй тухай л энгийн логикууд юм. Бизнес тал нь авч, улс төр тал нь өгдөг. Ашгаа хамт хүртдэг, ингээд бүлэглэл болдог.

Атал “Энержи ресурс” буюу MCS гэдэг бол хамгийн том бүлэглэлийг үүсгэгч. Өдгөө АПУ ХК руу зарим бизнесээ салгаж өгчхөөд буй болохоос, цагтаа “Энержи ресурс”-д,

  • “Шунхлай”
  • “Петровис”
  • АПУ
  • Моннис гээд өмч хувьчлал дээр боссон томоохон бизнесүүд бүгд хөрөнгө оруулчихсан, халаас нэгтэй явлаа. Тэд хүчтэй байсан, бас байгаа.

Энэ бүлэглэлийн улс төр дэх төлөөлөгч гэвэл Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт мэтээр цуварна. Дандаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшинд яригдсан. Ингээд болохгүй бол Засгийн газрыг огцруулчихдаг үзэгдэл гаарсан.  

Ажил олгогч, баялаг бүтээгчийн үүднээс бол хамгийн шинэлэг стандарт, улсаасаа түрүүлсэн технологи, ноу-хауны эзэд, үнэ цэн дархлагчид гэдэг нь үнэн. Харин босож ирсэн суурь баялаг нь ард түмнийх байдаг. Ард түмний өмчийг хувийнх болгохдоо хэр шударга хандсан бэ. Хуулийн дагуу явагдсан уу гэдэг л асуулт болж үлддэг. Тэд бүх салбарт эзэн сууж байна. Банкны салбар ч оролцож байна. Ингэхээр энд ямар ч либерализм, чөлөөт зах зээл ярих боломжгүй болдог.

Ялангуяа байгалийн баялаг бол ард түмний өмч байх ёстой юм. Энэ бол цаанаа философитой сэдэв.

Шинэ төлөөллүүд: MCS, АПУ нийлж, Засгийн газрыг арбитрын шүүхэд өг гэж Хятадын талыг ятгахдаа тулсан уу

MCS өнөөдөр “Ухаа худаг”-аас нүүрс олборлож л байгаа. Дахиад Баянхонгорт жаал хуулийн зөрчилтэй “Эрдэнэ монгол” гэж компанид хөрөнгө оруулаад, алтны төсөл хөдөлгөчихлөө. Тэд амжилттай яваа.  

Гэтэл одоо Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг холбочиход юу нь болохгүй байгаа юм бэ. Монголчууд л нүүрсээ гаргана, илүү их ашиг олно. 10 жил гацсан асуудал Л.Оюун-Эрдэнийн үед хөдлөх гэж байна. Атал дахиад MCS-ийн эрх ашиг хөндөгдөөд эхэлжээ.

Хэрэв “Чайна энержи”-тэй хэлэлцээр хийчихвэл,

  • “Таван олгойн бусад орд дээр хувийн хэвшилтэй хамтарна гэвэл хамгийн түрүүнд “Энержи ресурс”-т санал болгоно” гэж 2008 онд тохирчхоод байтал, “Чайна энержи” урдуур нь орж хоёр ч толгойг олборлох нь
  • БНХАУ-ын тал 16 жилийн  турш тогтмол хэмжээний нүүрсийг өндөр үнээр худалдаж авна, мөн өөрсдөө тээвэрлэнэ гэхээр “Энержи ресурс”-ийн нүүрс дагасан бизнес хавчигдана
  • Эцэст нь 30 жил хүссэн “Тавантолгой”-д эзэн суух хүсэл нь дуусгавар болно.

Монголд бол алдах юмгүй хувилбар. Харин “Ухаа худаг”-аа л гэхэд ганцхан гарын үсэгтэй Засгийн газрын тогтоолоор үнэгүй авчихсан, үеийн үед Тавантолгойг бүтнээр нь, төмөр замтай нь авах гэж зүтгэсээр ирсэн MCS группт л таагүй тусаж байгаа юм.

Чухам ийм нюансаар, Ерөнхий сайдыг “Чайна энержи”-тэй уулзах гэж БНХАУ руу явснаас эхлээд Засгийн газар луу дайрч эхэлсэн нь цаг хугацааны давхцалаар илэрхий.

Энэ үед 2025 оны улсын төсвийг батлах гэж байв. Ямар ч засах боломжгүй болж, хоёрдугаар хэлэлцүүлгээ давсан хойно УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин манлайлж, акц хийв. Олон нийт алга ташсан. Өчнөөн алдагдалтай төсвийг тана гэж шаардах нь мэдээж сайхан байлгүй яах вэ. Гэвч яг ордонд мэдэгдэл хийж зогсоход нь Ерөнхий сайд “Чайна энержи”-тэй уулзаж байсныг анзаарсангүй. Бас наймдугаар сарын сүүлээр төсөв өргөн баригдаж, засах засварлах 2-3 сарын хугацаа өнгөрч, нэг ба хоёрдугаар хэлэлцүүлэгт нь кнопоо дарж босго давуулчихсан мөртлөө гэнэт “амь орсон”-ыг нь бодолцсонгүй.

Гэтэл Д.Энхтүвшин 1996 оноос хойш MCS-ээр өгссөн намтартай. Дэд ерөнхийлөгч хүртэл явсан. Яг энэ Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр замын 49 хувийг “Энержи ресурс”-ийн консорциум авъя гэж Ц.Элбэгдоржийн үед хэлцэл хийж байхад MCS талыг Д.Энхтүвшин төлөөлж байлаа.

“Чайна энержи”-тэй агуулгаа тохироод хүрээд ирлээ. УИХ-аар тогтоолыг хэлэлцэхэд Д.Энхтүвшин найруулгын шинжтэй засвар хэлэв. Үгийн байрлал солих, нэг үгийг ижил утгатай нөгөө үгээр өөрчлөх гэх мэт. Гэтэл он гараад, яг хэлэлцээрийн төслийг нь хэлэлцэх болоход (агуулгын зөрүү байхгүй атал) дахиад л ухаан орж, “Нүүрсний хулгай боллоо” гэж бахирсан.

Одоо харин MCS-ийг АПУ ХК нь хамгаалаад эхэлжээ. Тэд анх “Ухаа худаг”-ийг 2008 онд үнэгүй, хууль бусаар авахдаа халаас нэгтэй байсныг дээр дурдсан. Хожим тэд хувьчилж авсан бизнесүүдээ солилцож, ажиллах салбараа, өөр өөрсдийн орон зайгаа тохирсон байдаг. Тухайлбал, MCS-ийн хувьд “Спирт бал бурам” ХК-ийг АПУ руу шилжүүлсэн.

Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулъя гэж байна. Хаврын чуулган хаасан хойно, хувь улстөрчийн газар авахгүй тоглолт гэлтэй энэ үйлдэлдээ тэр хэгжүүн байна. Гэвч түүний ард АПУ бий гэгдэх болов.

Бүр хачин нь, манай дээрх томчууд нийлж, “Монголыг Арбитрын шүүхэд өг” гэж хятад талыг ятгасан талаар зарим жиргээчид онцолжээ. Анхлан “Чайна Энержи”-гээс захидал ирүүлэхдээ “…тодорхой нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрбөл бид арбитрт хандахгүй” гэж дурдсан байдаг. Гэхдээ энд “Арбитр” гэдэг үг Хятадын ба Монголын бизнесменүүд талаас хоёр зэрэг гарсан нь үнэн бол эх оронч үзэл талдаа машид тунгаамаар өнцөг юм.

Нэгдүгээр сард болсон Засгийн газрыг огцруулах жагсаалын цаана ч даатгалын бизнесээр дамжсан АПУ-гийн санхүүжилт байсан байх магадлалтайг бичсэн билээ. Нөгөө талаар, жагсаалыг санхүүжүүлсэн гэх Р.Чингис, түүний дүү нартай Д.Энхтүвшин халаас нэгтэй юм байж таарсан нь анхаарал татсан.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн санаачилгыг хамгийн түрүүнд дэмжсэн Ж.Баярмаа гэхэд С.Баярцогтын улбаатай хүн. Сонгуулийн өмнө АН-аас хэн хэн нэр дэвшихийг шийдэхэд нэг талаас Х.Баттулга, нөгөө талаас Ц.Элбэгдорж, С.Баярцогтын бүлэглэл тулсан. Дунд нь Л.Гантөмөр гүлдийж байгаад аль алины нь эрх ашгийг эвтэйхэн суулгаж өгсөн. С.Баярцогт зүгээс жагсаалтад багтсан хүн бол Ж.Баярмаа юм. Харин С.Баярцогт улс төрд байх хугацаандаа үеийн үед MCS-ийг хамгаалж ирлээ.

Өөрөөр хэлбэл энэ долоо хоногт “Чайна энержи”-гийн хэлэлцээрийг батлахын өмнө Ерөнхий сайдыг огцруулах гэж MCS, АПУ, С.Баярцогтын хүмүүс хичээж байна. Сайн, сайхан имиж бүрдүүлж буй л хүмүүс юм. Гэхдээ Монголын ард түмэн популизм дүрээ хувилгаж, update хийгдсэнийг төдийлөн анзаарахгүй байна.

“Чайна энержи” зурагдлаа гэхэд дараа нь стратегийн ордуудын 34 хувийг төр эзэмшиж, иргэдийн нэр дээрх Баялгийн санд төвлөрүүлэх үйл явц өрнөнө. Магадгүй үүнд 2008 онд төрөөс үнэгүй авсан “Ухаа худаг” ч сөхөгдөх биз. “Энержи ресурс”, цаашлаад МАК тэргүүтэй томоохон бүлэглэлүүдийн эрх ашиг дахиад хөндөгдөнө.

Энэ бүхний эхлэлд зогсож байгаа хүн бол залуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Ерөнхий сайд өөрөө шинэ. Харин Тавантолгой, “Энержи ресурс”, АПУ, МАК зэрэг сэдэв хуучин. Өөрсдийн хүслээр Засгийн газрыг огцруулж үзсэн хууччууд. Юуг авч үлдэхээр юуны эсрэг сөрөн зогсож байна гэдгээр нь шинэхэн хүмүүсийг дэнслэх боломжтой ажээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *