Байр суурь: Нийгмийн даатгалыг ажилтан өөрөө төлөх нь зөв

0
Лхагважав-эдийн-засагч-2-810x500-1

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагууд татварын дарамт, өрөнд орж үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна гэж салбарын төлөөллүүд ярьдаг. Энэ тал дээр ААН-ийн төлөөлөл болон эдийн засагчийн байр суурийг хүргэж байна.


“Урбаник” компанийн захирал Б.Лхагважав:

-Монголд нийгмийн даатгалын шимтгэл зүй ёсоороо хөгжиж чадалгүй 30 жил болж байна. Хуучин хуулийн 19.2 зүйлд ажилтан тав хоногийн листний мөнгө авах тухай зааж өгсөн байдаг. Энэ бол гажиг систем. Анх 1997 онд нийгэм хэцүү байхад тухайн үеийн байгууллага нь листний мөнгө олгодог болсноос хойш тэр чигээрээ хуульд тусгаж байна. Учир нь ажил олгогч, ажилтан хоёр нийлээд нийгмийн даатгалын шимтгэлийн 25 хувийг төлж байгаа.

Гэтэл ажилтан эмнэлэгт хэвтэх болохоор эхний тав хоногийн мөнгийг нь ажил олгогч төлдөг. Өмнө нь энэ заалт хасагдсан ч дараа нь УИХ-аар хэлэлцэж, хуучнаараа батлагдсан байна лээ.

Нийгмийн даатгалын өөрийнх нь үндсэн философийг үгүйсгэж байна. Ажил олгогч ажилтныхаа өмнөөс мөнгө төлчихөөд байхад дахин тав хоногийн листний мөнгийг төлж байгаа. Жилд дунджаар 22 тэрбум төгрөгийг ажил олгогчоос авдаг. Хоёрт, нийгмийн даатгалын шимтгэл зургаа дахь өдрөөс эхлэн үйлчлэдэг учраас хувийн буюу 159 эмнэлэг долоо хоногт хүнээ эмчлээд гаргачихдаг болсон. Эмнэлгүүд нийгмийн даатгалын сангаасаа мөнгө хэрэглэхгүйгээр өвчтнөө гаргаж, ажил олгогч илүү мөнгө төлж байгаа. Цаашдаа ийм гажиг систем үүсгэж, хүнээ бүрэн эмчлүүлэх боломжийг хааж байна. Энэ бол нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт юм. Энэ мөнгийг аж ахуйн нэгж буй даатгалаас өгөх ёстой.

Ажилгүйдлийн даатгал гэж байгаа. Цар тахлын хоёр жил улсаараа зогссон. Тэгэхэд ажилгүйдлийн даатгалаас ажил эрхэлж буй 1.2 сая хүнд олгох ёстой байсан. Гэтэл төрийн албан хаагчдын цалинг хоёр жил бүтэн өгсөн. Гэтэл хөөрхий ажил олгогч ажлын байраа хаагаагүй, улсаараа бизнесээ зогсоохоос өөр аргагүй болоход даатгал огт үйлчлээгүй. Уг нь бүх иргэнд даатгалаас мөнгө өгөх ёстой байсан. Манай даатгалын систем мөн чанараараа ажилладаг юм уу. Даатгал гэхээр нийгмийн даатгалын байгууллага, хэдэн эмнэлэг, эмийн сангууд байж, түр зуур тэжээдэг нөөц хөрөнгө болчихсон юм уу. Иймэрхүү хоёр жишээ хэлэхэд манай даатгалын системийг бүхлээр нь өөрчлөх хэрэгтэй байна. Даатгалын мөнгө энэ жил 5.9 их наяд төгрөг. Энэ бол маш их мөнгө. Үүнийг тусад нь хөдөлгөж, эргүүлж байх хэрэгтэй.

Монголын арьс ширний холбооны тэргүүн асан Т.Баярсайхан: 

-Миний хувьд өнгөрсөн аравдугаар сард холбооны ажлаа өгч, хувийн салбарт ажиллаж байна. Ер нь нийгмийн даатгал гэдэг бол ажил олгогчийг хүнийг ажилтай байлгаж байгасных нь төлөөх торгож байгаа торгууль гэж хэлнэ. Нийгмийн даатгалыг ажилтан өөрөө төлөх нь зөв. Ажил олгогч хоёр сая төгрөгийн цалин өгсөн гэдэг баталгааг нь л гаргаж өгчих хэрэгтэй. Хувь хүн өөрөө тэндээсээ хэдэн төгрөгийг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн даатгалд төлөхөө шийддэг болчихвол амар. Тэгэхгүй хоёр сая төгрөгийн цалингаас нийгмийн даатгал төлж, цалингаа нэмэхээр улам нэмэгдээд явчихна. Энэ торгууль мэт болж байна.

Татварыг “дабль”-дана гэж аймшигтай. Нийслэл гэхэд нэг хувийн татвараа хоёр хувь болгож нэмсэн. Энэ бол маш буруу. Аж үйлдвэржилтийг дэмжихгүйгээр худалдааг дэмжиж байна. Цөөн хэдэн үйлдвэрлэл үлдэж байгаа ч баларч байна. Эдгээр аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид Хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, эрчим хүчний зардал, шатахууны зардал өндөр байна. Хоёр жилийн өмнө хадлан тарианы үеэр шатахуун тасарчихсан. Энэ жил л жаахан зохицуулалттай байгаа болохоос бизнест хүндрэлүүд үүсгээд байна. Одоо ч гэсэн ам.долларын ханш өсч, нүүрсний үнэ унаад байна. Том зургаар нь харахад нөхцөл байдал хүндхэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *