УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрх дуусгавар болж, Э.Болормаа Зөрчлийн хуулиар торгуулах бололтой

0
image-727d4c46-16bc-4c67-815f-009578a2f094

126 гишүүнтэй анхны парламент бүрдээд жил хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа ч хэд хэдэн гишүүн хууль зөрчсөн нь тогтоогдож, бүрэн эрх нь дуусгавар болох, Зөрчлийн хуулиар торгуулах нь тодорхой болж байна.Тодруулбал, Хангайн бүсэд АН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Улсын дээд шүүх гэм буруутайд тооцсон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхээс Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкинд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж 20 сая төгрөгөөр торгох ял оноосон. Дээд шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-нд хуралдаж, Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ч УИХ хоёр сар гаруй хугацаа өнгөрчихөөд байхад шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй өнөөдрийг хүрсэн.Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулиудад УИХ-ын гишүүн бүрэн эрх дуусгавар болох дараах заалтыг тусгасан байдаг.

  • УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсэгт “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно.
  • Үндсэн хуулийн 29.1. З. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.
  • Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.  Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж тус тус заасан.

Тиймээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрх Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан өдрөөр дуусгавар болсон ч тэрээр чуулганы хуралдаанд оролцож, хууль батлалцаар байгаа юм.Харин Баруун бүсэд МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.Болормаа нэр дэвшихдээ “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан нь мөн л хууль зөрчсөн үйлдэл юм. Учир нь, Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч гаднын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниас санхүүжилт авахыг хориглосон байдаг. Үүнийг Аудит хянаж, хуулийн зөрчлийг арилгуулах ёстой байсан ч үүргээ биелүүлээгүй өдий хүрчээ. Сонгуулийн үеэр Э.Болормаа нэр дэвшигч байхдаа дээрх хандивыг компанийн данс руу ч буцаан шилжүүлээгүй болох нь аудитын тайлангаар нь батлагджээ. Гэхдээ одоо Э.Болормаа нэр дэвшигч бус УИХ-ын гишүүн болсон учраас түүнийг энэ үндэслэлээр эгүүлэн татах боломжгүй. Учир нь дээрх хоёр хуульд заасан үндэслэлээр л УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна. Харин нэр дэвшихдээ гаднын хөрөнгө оруулалтай компаниас хандив авсан учраас Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх боломжтой юм. Зөрчлийн тухай хуульд зааснаар 30 сая төгрөгийн хандивыг улсын орлого болж, торгууль оногдуулна.Тодруулбал, Зөрчлийн тухай хуульд23.Хандив өгөхийг хуулиар хориглосон этгээдээс хандив өгсөн бол, тус хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол, эсхүл хуульд зааснаас илүү хэмжээний хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. Тиймээс УИХ-ын гишүүн Э.Болормаагийн гаднын хөрөнгө оруулалттай компаниас хандиваар авсан 30 сая төгрөгийг улсын орлого болгож, түүнийг 10 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай юм байна.Харин УИХ хууль зөрчсөн гишүүддээ хэзээ хариуцлага тооцож, хуулийг хэрэгжүүлэх нь одоо ч тодорхойгүй, хууль зөрчсөн хүмүүс хууль тогтоосоор байна. Хууль баталдаг УИХ нь өөрөө хуулиа хэрэгжүүлэхгүй бол хэн баталсан хуулийг нь хэрэгжүүлэх вэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *