1.9 их наядаар барих гэж буй “Туулын хурдны зам”
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Налайхын тойргоос Эмээлтийн уулзвар хүртэл зургаан эгнээ бүхий 32 км хурдны замыг тавих ажил ирэх дөрвөн сард эхлэх гэж буй.
Бидний чихнээ 11 жил сонсогдсон ч ажил хэрэг болоогүй “Туулын хурдны зам”-ыг 1.9 их наяд төгрөгөөр тавих тухай тендерийг зарлалаа. Уг тендерийн энэ онд санхүүжих өртөг нь 538 тэрбум бөгөөд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас санхүүжих юм байна.

Тодруулбал, долоон түвшний орц, гарцын огтлолцлуудтай, 10 мянган метр орчим гүүртэй, долоон туннелтэй, 100 км/ц хурдлах боломжтой, автомашины зорчих хэсгийн өргөн 12.5 м байх гэх мэт олон “чимэгтэй” аж. Улмаар тус төсөл доорх долоон багц ажлуудаас бүрдэх юм байна. Үүнд:
- Газар шорооны ажил
- Хиймэл байгууламж
- Авто замын дагуух үерийн хамгаалалтын далан
- Авто замын гэрэлтүүлэг , авто замын трасст орсон ЦШС-г хамгаалах, шилжүүлэх, дэд станц шилжүүлэх, шинээр барих
- Мэдээлэл холбооны төлөвлөлт
- Археологи, палеонтологи, түүх угсаатны хайгуул, судалгаа, авран хамгаалах, малтлагын ажил
- Байгаль орчин хамгаалах ажил зэрэг багтаж байгаа аж.
-Хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, түгжрэл 10-20 хувиар буурах тооцоолол гарсан-
Эл замыг барих тухай асуудлаар Х.Нямбаатар “2024 оны байдлаар нийслэлчүүд бид түгжрэлд цаг хугацаа, шатахуун зэрэгт нийт 900 сая орчим ам.доллар зарцуулжээ. Энэ байдлаар явбал 2030 онд нэг тэрбум ам.доллар давахаар байна. Өнөөдрийн байдлаар оргил цагийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол 2030 онд 5-9 км/цагт хүрэх юм. Тиймээс энэ оноос эхлэн нийслэл хоёрдугаар түвшний замуудаа барина.
Үүний нэг болох хот доторх анхны хурдны замын тендерийг өнөөдөр зарлаж байна. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх 4 дүгээр сарын сүүлээр эхлүүлж, 24 сарын дараа буюу 2027 оны 5 дугаар сард ашиглалтад оруулна. Хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэхээс гадна Дархан болон Замын-үүд чиглэлийн дамжин өнгөрөх авто тээврийн нэвтрүүлэх чадвар сайжирна. Мөн Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замын сүлжээний түгжрэл 10-20 хувиар буурах тооцоолол гарсан” хэмээн мэдэгдээд буй юм.
-Ижил урттай ч ялгаатай өртөгтэй Хурдны зам-

Гэхдээ “Туулын хурдны зам” төсөл шинэ тутам ойлголт биш. Арав гаруй жилийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хийгдэж байсан “Гудамж” төсөлд хамаарах дөрвөн том бүлэг ажлын нэг байсан. Харин үе үеийн дарга нарын мөрийн хөтөлбөр, аман цэцэрхлийг дамжсаар энд хүрэв.
Тус хурдны зам Нийслэл дахь анхны хурдны зам ч биш. Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2019 онд Хөшгийн хөндийн нисэх буудлыг нийслэлтэй хоттой холбосон хурдны зам нээгдэж байсан түүхтэй.
Энэ нь Монголын анхны хурдны авто зам бөгөөд нийт 32.2 км үргэлжлэх асфальт бетон хучилттай, зургаан ширхэг гүүр, 21 ширхэг нүхэн гарцтай 28 ширхэг дугуй хоолойтой, олон улсын стандартад нийцсэн зам гэгддэг. Тус зам, бүтээн байгуулалтыг ажлыг хийсэн хугацаа , өртөг зэргийг тодруулахад,
- Хурдны замын ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар
- Барилгын ажлыг гурван жилийн хугацаанд гүйцэтгэсэн тухай мэдээлэл гарч ирж байна.
Одоогийн ханшаар тооцоолон үзвэл нийт 490 тэрбум төгрөгийн өртгөөр 32.2 км замыг тавьсан гэсэн үг. Харин одоо баригдах гэж буй Нийслэл дэх хоёрдох хурдны зам мөн л 32 км үргэлжлэх өгөөд 1.9 их наядын өртөгтэй. Үнийн дүнгийн ялгаа нь 10 мянган метр үргэлжлэх гүүрийн байгууламж, олон тооны туннел, гарцтай холбоотой аж.