“Стратегийн орд газруудыг эзэмшдэг бүх компаниудыг шалгахгүй”

0
zasag-3-of-7-810x500 (1)

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийэн захирамжаар Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон талаарх асуудлыг судлах, УИХ, Засгийн газрын өмнөх шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийж, санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий Аажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахлахаар болсон юм. Энэхүү захирамжийн дараагаас “MCS” группын Харуул хамгаалалтын албаны даргыг АТГ-аас баривчилсан гэх мэдээлэл хэвлэл, олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс энэ талаар тодруулсан юм.

-“MCS” группын Харуул хамгаалалтын албаны даргыг АТГ-аас баривчилсан гэдэг үнэн үү?

-“MCS” группын ажилтныг баривчилсан асуудал манай ажлын хэсгийн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй. Нэр бүхий хүмүүс саатуулагдсан нь үнэн. Монгол Улсын хууль, хяналтын дагуу хууль хүчнийхэн гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Энэ нь Монгол төрийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой. Гэтэл хувийн аж ахуйн нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төрийн нууцыг хууль бусаар  олж авсан. Дэргэдээ тусгай байгууллагатай байсан гэсэн үг. Тиймээс энэ талаар шалгаж байгаа. Ямар ч том компаний байлаа гээд хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Төрийн нууц хуулиар хамгаалагдана.  Хэн ч монгол төрийн нууц, хуулийн дээгүүр гарч гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй.

-Ямар зорилгоор тус компани гүйцэтгэх ажиллагаа явуулсан юм бэ?

-Энэ талаар тодорхой мэдээлэлгүй байна. Төрийн болон мөрдөн байцаах үйл ажиллагааны нууцтай холбоотой асуудал.

-Ямар хүн саатуулагдсан юм бол. Хэчнээн хүний баривчилсан бэ?

-Төрмандах гэж хүн саатуулагдсан. Хэчнээн хүн саатуулсныг мэдэхгүй байна.

-Танай ажлын хэсэг ямар зорилготой юм бэ?

-Ажлын хэсгийн үйл ажиллагаа тов тодорхой. Ухаахудагийг 2007 онд УИХ-ын тогтоолоор “MCS” группт өгөхдөө хууль зөрчсөн асуудал байна уу, ямар эрх мэдэлтнүүд оролцсон бэ гэдгийг шалгана.

-Хууль зөрчигдсөн нь тогтоогдвол төрд авна гэсэн үг үү?

-Хууль зөрчигдсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцална. Стратегийн орд газар учраас хэнд эзэмшүүлэх вэ гэдгийг  Монголын Улсын Засгийн газар, УИХ шийднэ.

-Стратегийн бүх орд газруудыг шалгах юм уу. Яагаад ганц компани дээрх фокуслаад байгаа юм бэ?

-Стратегийн орд газруудыг  эзэмшдэг бүх компаниудыг шалгахгүй. Ганц компани дээр фокусласан асуудал байхгүй. Стратегийн орд газар гэж тогтоогдсон байтал хувийн хэвшилд лиценз шилжүүлсэн нь хуулийг дагуу байсан уу, үүнд ямар нэгэн албан тушаалтан оролцсон уу гэдгийг тогтооно.

-Та АН-ын гишүүн. Хувийн өмчийг яагаад хураана гэж яваад байгаа юм бэ?

-Би хувийн өмчийг хураана гээгүй. Хууль бусаар олж авсан хөрөнгийг хураах ёстой. Харамсалтай нь,  энэ талаар ямар ч хууль байхгүй. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс Өршөөлийн хууль гаргаж авлигачдаа өршөөсөн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *