Ипотекийн зээлийн хүү 14 хүртэл хувь байх журам боловсруулжээ

Монголбанкны ерөнхийлөгчийн өгсөн мэдээллээр ипотекийн зээлийн хүү хамгийн ихдээ 14 хувийн хүүтэй байх журам батлагджээ. Ингэхдээ тухайн иргэний ипотекийн зээлээр авах орон сууц нь хаана байрлаж байгаа, мөн талбайн хэмжээ зэргээс шалтгаалж 6-14 хувь хүртэл байхаар тооцож журмыг боловсруулсан аж. Хотын төвтэй ойр байранд өндөр хүүтэй ипотекийн зээл олгогдох бол нийслэлийн захын хороолол болон алслагдах тусмаа ипотекийн хүү буурч 6 хувь болох байна. Төв банкны зүгээс энэхүү журмаа арилжааны банкууд руу илгээсэн бөгөөд одоогоор судалгаа хийж буй аж.
Засгийн газар зорилтот бүлгийнхнийг энэ оноос орон сууцжуулах, мөн амины орон сууцанд ипотекийн зээл олгох бодлого барихаар болсон. Тэгвэл ногоон амины орон сууцны төсөлд ипотекийн зээл олгохоор дээрх журамд оруулжээ.
Ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулж өнгөрсөн жил 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт гаргасан бол энэ жил мөн дээрх хэмжээний санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна.
Тодруулбал, Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг, төв банк болон арилжааны банкуудаас 800 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээл гаргах аж.