Д.Амарбаясгалан: Алтай-Улиастайг холбох 178 км авто замын төслийн хүрээнд Улиастай-Цагаанхайрхан чиглэлийн 40 км замыг энэ онд эхлүүлнэ
УИХ-ын дарга Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 37 сумаар ажилласны дараа ийнхүү Улиастай сумын иргэдтэй уулзав. Баруун бүсийн аймгуудад энэ онд нийт 115 төсөлд 349.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр улсын төсөвт тусгаснаас Завхан аймгийн хэмжээнд нийт 35 төслийг 104.9 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр байгаа аж.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улиастай сумын иргэдтэй уулзах үеэрээ бүсийн хөгжлийн цогц төлөвлөлтөд туссан ажлуудаас танилцуулж, нэн тэргүүнд аймгийн төв, сум, хилийн боомтуудыг хооронд нь авто замаар бүрэн холбох ажлыг эхлүүлнэ гэдгийг тодотгов. Энэ хүрээнд Алтай-Улиастайг холбох 178 км авто замын төслийн хүрээнд Улиастай-Цагаанхайрхан чиглэлийн 40 км замыг энэ онд эхлүүлэхээр болжээ. Уг төслийн үр дүнд аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбосноор тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх давуу талтай юм. Түүнчлэн Нөмрөг-Сонгино чиглэлийн авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх 159.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлэхээр болсон нь завханчуудын хувьд худалдаа, үйлдвэрлэл, ачаа тээвэр, мөн эдийн засгийн харилцааны томоохон гарц болох юм гэдгийг УИХ-ын дарга тодотголоо. Уг төслийн хүрээнд Түдэвтэй сумыг холбох 3.6 км, Баянхайрхан сумыг холбох 1.5 км, Тэс сумыг холбох 1.4 км салаа холбоос зам, гэрэлтүүлгийн хамт хийгдэнэ.
Анх 1976 онд байгуулагдсан Арцсуурь боомтоор Завхан болон Говь-Алтай, Архангай, Хөвсгөл аймгийн иргэд ОХУ-тай экспорт, импортын худалдаа эрхэлж, ялангуяа орон нутгийн иргэдийн бизнес хөгжих, гадаад худалдааны эргэлт нэмэгдэх, аялал жуулчлал тэлж, бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой гэдгийг УИХ-ын дарга илтгэлийн үеэр дурдлаа. Эдгээрээс гадна аймгийн төвд баригдаж байгаа дулааны станцын хоёрдугаар хэлхээ, дэд бүтцийн ажил, цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг шинээр эхлүүлэхээр улсын төсөвт тусгасан бол Солонготын давааны 12 км хатуу хучилттай замыг мөн энэ онд барина гэлээ.