У.Хүрэлсүхээс хүлээсэн үг!

Утааг арилгах чиглэлийг Засгийн газарт өгсөн өвлийн тэр өдрөөс хойш нам жим байсан Ерөнхийлөгч өчигдөр /2025.02.20/ хэн нэгэнд хаяглаж, үгэн дотроо үг дайв. Бүрэн эрхийн хугацаа нь хоёр жилийн дараа дуусгавар болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дараагийн улс төрөөс Монголын улс төр холуур өнгөрөхгүй. Тэр утгаараа У.Хүрэлсүхийн үг-үйлдэл бүхэн улстөрчдөд сонирхолтой, бизнесийнхэн ч анхааралтай ажиглаж суугаа. У.Хүрэлсүх хэзээ, ямар маневр хийхээ сайтар тооцдог улстөрч. Эцсийн сумаа дуустал байлдах офицер хүний эр зориг түүнд бий. Улстөрчийн хувьд дайны стратеги, тактикаа хэдийнэ толгой дотроо тооцчихсон яваа нь тодорхой. Тэр өчигдөр санаандгүй гарч ирээд, санамсаргүй хэдэн үг хэлчихээгүй нь бүр ойлгомжтой.
“Баялаг бүтээгч нараараа бахархаж байгаа. Энэ улс орныг нуруун дээрээ үүрч яваа, улсдаа татвар төлж байгаа хүмүүс. Олон хүн тэжээж яваа, та бүхэндээ баярлалаа, бахархаж байна. Төр улс баялаг бүтээгчдээ боломжтой бүх зүйлээр дэмжих ёстой. Хүндрэл, хүнд суртал битгий учруул. Бие, биеэ битгий харлуул, эв эеийг хичээх ёстой. Үндэсний эв нэгдэл гэдгийг онцгойлон анхаарах ёстой. Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийг байнга бодож бай. Монгол хөгжиж дэвшиж байгаа юу гэвэл хөгжиж, дэвшиж байгаа. Бүх зүйл муу, муухай биш. Гучин жилийн өмнөхтэй өнөөдрийг харьцуулбал өдөр шөнө шиг ялгаатай. Бид хөгжил дэвшил авчрах гэж өнгөрсөн 30 жил хөдөлмөрлөсөн, зүтгэсэн. Одоогоос 20 жилийн өмнө Монгол Улсын 21 аймгийн 18 нь тас харанхуй байсан. Монгол Улсын 330 гаруй сумын 200 гаруй нь тас харанхуй байсан. Монгол Улсад хоёрхон засмал зам байсан. Монгол Улсын бүх аймаг засмал замтай болсон. Бүх сум төвлөрсөн системд холбогдсон. Одоогоос монгол хүний дундаж наслалт 58 байсан, өнөөдөр 74 болсон. Энэ бол амьдралын чанар сайжирсантай холбоотой. Өнгөрсөн 30-д сайн зүйл, хийж бүтээсэн зүйл бий. Бид зарим улсын 100 жил хийж чадаагүй амжилтыг богино хугацаанд хийсэн. Монгол хүн юм бол бид Монгол эх орноороо бахархах хэрэгтэй”. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ийн дуугарсан нь нийгмийн зүгээс өөртөө багагүй нэмэх оноо цуглуулав.
УИХ-ын чуулган завсарласан ч дүн өвлөөр Төрийн ордны улс төр “жоомоо алах гээд гэрээ шатаах” хэмжээнд очжээ. Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий орд газруудын 34-50 хүртлэх хувийг Баялгийн санд авах асуудал улс төр-бизнесийн бүлэглэл хооронд хурцадмал байдал үүсгэсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын зарим гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж, Засгийн газрын зүгээс уул уурхайхантай хэлэлцээр хийх бүрэн эрхт төлөөлөгчөөрөө Ж.Батзанданг томилсоноор гал дээр тос нэмсэн үйл явдал өрнөж байна.
Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч буй үед Монголын Засгийн газар хувийн өмчийг хураах тухай ярьж эхэлсэн нь гадаад талдаа ч эргэлзээ төрүүлэх нь дамжиггүй. Тэр тусмаа үндэсний хөрөнгө оруулагчдаа айлгасан, сүрдүүлсэн мессеж гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх шалтаг, шалтгаан болох нь ойлгомжтой.
Засгийн газрын хуралдааны дараа, Лхагва гаригт Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэвлэлийнхэнд “байцаалт” өгөхдөө “Монгол Улсын хууль, хяналтын дагуу хууль хүчнийхэн гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Энэ нь Монгол төрийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой. Гэтэл хувийн аж ахуйн нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төрийн нууцыг хууль бусаар олж авсан. Дэргэдээ тусгай байгууллагатай байсан гэсэн үг. Тиймээс энэ талаар шалгаж байгаа. Ямар ч том компаний байлаа гээд хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Төрийн нууц хуулиар хамгаалагдана. Хэн ч монгол төрийн нууц, хуулийн дээгүүр гарч гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Стратегийн орд газар гэж тогтоогдсон байтал хувийн хэвшилд лиценз шилжүүлсэн нь хуулийг дагуу байсан уу, үүнд ямар нэгэн албан тушаалтан оролцсон уу гэдгийг тогтооно. Хууль бусаар олж авсан хөрөнгийг хураах ёстой” гэсэн тайлбар өгсөн нь бизнес эрхлэгчдэд айдас, болгоомжлол төрүүлсэн нь ойлгомжтой.
Тэгвэл Засгийн газрын БЭТ Ж.Батзандан “Монгол Улсад стратегийн 55 орд байна. Гэтэл өнөөдөр стратегийн ордуудыг хулгайлаад, идэж уугаад дуусаж байна. Хулгайч нартай хэлэлцэл хийх үү, хулгайлагдсан ордоо буцааж авах уу гэдэг хоёрхон сонголт байна. 30 жил бид доромжлууллаа. Стратегийн ордууд өв залгамжлагдахгүй. Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн хоёрыг баян болгох гэж монголчууд төрөөгүй, хууль хэрэгжүүлэхийг МАК-иас шаардана. Ж.Оджаргал Монгол Улсын хуулийг зөрчиж байгаа бол энэ компанийн лицензийг хүчингүй болгоод дараагийн компаниудад өгөх хэрэгтэй. Нүүрс ухаад Хятад руу зарж чадах олон хүн байгаа” гэсэн нь гадаадын хөрөнгө оруулагчдад таатай сонсогдоогүй нь тодорхой. Үндэсний хөрөнгө оруулагчидтайгаа үг хэлээ ойлголцохгүй байгаа Монголын төр засагт ямар тэнэг нь итгэж гадаадаас хөрөнгө оруулах билээ. Үндсэндээ, Ж.Батзандангийн үг-үйлдэл болгон гадаадын хөрөнгө оруулагчдад их замын дээрэмчин мэт харагдаж байгаа нь лавтай. Ж.Батзандан явсан газар болгон балагтай гэж үгтэй.
Стратегийн ордуудын тодорхой хувийг Баялгийн санд буцаан авах асуудал улс төрийн хүрээнд өндрөө авахтай зэрэгцээд УИХ-ын гишүүн Х.Баттулга хөдөө орон нутгаар “Хөх туг” акц зохион байгуулж, бусдын өмч, хөрөнгийг хураана гэсэн амлалт өгөх болсон нь тодорхой хардлага төрүүлж буй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төрөө Женко.Баттулга хэдийнэ эхлүүлсэн, У.Хүрэлсүх болон Л.Оюун-Эрдэнийн сууж буй суудлын аль нэгийг сэрүүнээрээ зүүдлээд явж байгааг үгүйсгэх аргагүй. Үүний төлөө л тэр Төрийн ордонд эргэн ирэлт хийсэн. Эртний өстөнгөө дарж авахад Л.Оюун-Эрдэнэтэй эрх ашиг ч нэгдэх болсон.
Женкогийн үйлдэл болгон улс төрийн нүүдэл байдаг. Үүнийг У.Хүрэлсүх мэдэхгүй байна гэж үгүй. Тиймээс Төрийн тэргүүний хувиар баялаг бүтээгчдээ өмгөөлж, эв эеийг сануулсан нь учиртай, шалтгаантай. Үнэндээ, Ерөнхийлөгч улс төрийн шоу үзүүлбэр үзүүлээгүй бол түүний хэлсэн үг цагаа олсон, улс төрийн байгаа ч оносон.