Хан-Уул дүүргийн иргэд: Монголын ард түмний эрх ашгаас урвасан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг эгүүлэн татах ёстой

Хан-Уул дүүргийн иргэд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн “Энержи Ресурс”-ийн хөрөнгө оруулагчдаас авсан 238 сая төгрөгийн хандивын асуудлаа тайлбарлахыг шаардаж мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс “Цөөн хэдэн баячуудын эрх ашгийг хамгаалдаг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг эргэн татуулах арга хэмжээг авч ажиллана. Иргэдийн гарын үсэг цуглуулна” гэж хэлэв.
Хан-Уул дүүргийн иргэд:
-Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг иргэд олон нийтэд хэрэгтэй Баялагийн сангийн тухай хуулийг эсэргүүцэж байгааг гайхаж байна. Тэр хүн өөрөө 238 сая төгрөгийн хандив аснаа тайлбарлахыг шаардаж байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн улс төрчдийн талаарх хуулийг яагаад эсэргүүцээд байгаа шалтгаанаа тайлбарлахыг хүсэж байна.
-УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сарын 20 сая төгрөгийн түрээсийн байранд амьдардаг гэдгээ хэлсэн. Тэр тийм бага мөнгө биш. Нэг төрийн албан хаагчийн жилийн цалин. Энэ мөнгийг сард зөвхөн түрээсэндээ өгдөг гэхээр энэ мөнгийг хаанаас олдог юм бол. Ч.Лодойсамбуу гишүүн сонгогдсоноосоо хойш огт тойрогтоо ажиллаж, иргэдтэйгээ уулзаагүй.
-УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг анх нэр дэвшихэд дургүйцэж байсан. Монгол төрийн далбааг урж тастаж байсан хүн. Ийм танхай балмад хүнийг УИХ-ын гишүүн болгосон. Энэ хүн Баялгийн сангийн тухай хууль яригдаж эхлэхэд яаран сандран гарч ирж эсэргүүцсэн. Юуны учир вэ гэдгийг иргэд олон нийт мэдэж байгаа. Цөөн хэдэн баячуудын эрх ашгийг хамгаалж байна. Ингэснээр Монголын ард түмний эрх ашгаас урвасан үйлдэл. Иймд Хан-Уулчууд биднийг УИХ-д төлөөлөх эрхгүй хүн гэж үзэж байна. Иймд Ч.Лодойсамбууг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахаар D-Parliament цахим хуудсаар 100,000 хүний гарын үсэг цуглуулахаар шаргуу ажиллана гэв