Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг Н.Наранбаатар найруулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг удирдан зохион байгуулах багийг сонгожээ.Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар ахлагчтай багийг дэмжихээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас санал оруулж, Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжжээ.Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан олон үндэстэн, ястаны түүх уламжлал, өв соёл, төрт ёсны үнэт зүйлээ олон талаас нь харуулахын зэрэгцээ шинэ хэв маяг, агуулгыг гаргахаар зорьж байна гэдгийг онцолсон. Тиймээс нээлт, хаалтын арга хэмжээний агуулгад онцгой анхаарч, сонирхолтой хэлбэрээр үзэгдлүүдээ бэлдэх хэрэгтэйг холбогдох албаныханд санууллаа. Өнгөрсөн жилийн баяр наадмын арга хэмжээний гүйцэтгэлд алдаа дутагдал их гарсан учраас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил, гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ахлахаар боллоо.

Түүнчлэн баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээ, үндэсний бөхийн барилдааныг телевизүүдээр хэрхэн шууд дамжуулах асуудлыг судалж, дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах төсвийг эцсийн байдлаар гаргаж, төсөвт өртөгтөө багтааж зохион байгуулахыг салбар хороодын дарга нарт даалгасан. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын бэлтгэлийн явцтай зургаадугаар сарын 15-нд танилцахаар тогтлоо.Н.Наранбаатар Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг тав дахь удаагаа найруулахаар болов. Тэрээр өмнө нь 2016, 2017, 2018, 2022 онд ажиллаж байсан юм.
Үе үеийн наадмын найруулагчид:
- 1990 он: Нэрт найруулагч Г.Доржсамбуу
- 1998 он: МУАЖ А.Дашпэлжээ
- 1999 он: МУУГЗ Ч.Найдандорж
- 2000, 2001 он: Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатар
- 2002 он: МУУГЗ Б.Баатар
- 2004 он: МУУГЗ Ч.Ганхуяг
- 2005, 2007 он: МУУГЗ Н.Болд
- 2006 он: МУУГЗ Н.Ганхуяг
- 2008 он: МУУГЗ Ч.Ганхуяг
- 2010 он МУУГЗ С.Ононбат
- 2011 он: Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатар
- 2012 он: МУУГЗ Ч.Ганхуяг
- 2013, 2014 он: Төрийн соёрхолт Д.Сосорбарам
- 2014 он: МУУГЗ Н.Болд
- 2016, 2017, 2018 он: Төрийн соёрхолт Н.Наранбаатар
- 2019 он: МУУГЗ Г.Цоггэрэл
- 2020, 2021 он: Найруулагч Б.Баатар
- 2022 он: Төрийн соёрхолт Н.Наранбаатар
- 2023 он: Скин энтертайментын найруулагч Б.Анар
- 2024 он: Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал
- 2025 он: УДЭТ-ын захирал Н.Наранбаатар