Оюутолгой”-н ТУЗ гүнийн уурхайн 7 тэрбум долларын зардлыг хянана

0

Рио Тинто” компани 2023 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөж байсан “Оюутолгой”-н Панель 0-ийн тогтвортой үйлдвэрлэл буюу олборлолтыг 2023 оны эхний улиралд эхлүүлэхээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” компанийн хүдэр буулгуурын тэсэлгээний ажил ихээхэн ахиж, тогтвортой үйлдвэрлэл эхлэхэд тун ойртжээ.

Гүнийн уурхайн төслийн мэдээллээс сонирхвол, өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр улирлын эцсийн байдлаар нийт 19 хүдэр буулгуурыг тэсэлсэн байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд, хойд амын нэвтрэлтийн ажил газрын гүнд 378 болон 507 метрт хүрчээ.

Босоо нэвтрэлтийн явцад аюулгүй ажиллагааны шаардлагаас үүдсэн түр зогсолтуудаас хамаарч дөрөвдүгээр улирлын ажлын гүйцэтгэл 2022 оны урьдчилсан төлөвлөгөөнд туссанаас хоцрогдолтой гарсан байна.

Агааржуулалтын урд, хойд амын нэвтрэлтийн ажил 1,148 болон 1,149 метрт хүрснээр дуусах аж.

Хүдрийн биетийг газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуулагчийн барилга угсралтын ажил дөрөвдүгээр улирлын турш үргэлжилжээ. Тус хугацаанд барилгын ажил дуусч, бүтээн байгуулалтад ажиллах бусад гүйцэтгэгчдийг уурхайн талбарт хүлээн авсан байна.

Өмнөх тайлангуудад дурдсанчлан, 2022 онд үүссэн Covid-19-ийн хязгаарлалт, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг эрэмбэлэх шаардлага үүсч байсан. Үүнтэй холбоотойгоор агааржуулалтын урд, хойд амын ажил саатсантай холбоотой үүсэх аливаа агааржуулалттай холбоотой асуудлыг судалгааны ажилд хамруулан тооцох юм байна.

Улирлын туршид “Рио Тинто” болон Монгол Улсын Засгийн Газар “Оюутолгой”-н гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл буюу олборлолтыг эхлэх түүхэн чухал алхамд хүрэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ гүний уурхайн үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сард нээж, талууд харилцаагаа сэргээн шинэчлэх боломжийг бүрдүүлсэн Монгол Улсын Их Хурлын 103 дугаар тогтоолд туссан бусад арга хэмжээг авахаар ажиллаж байгаа аж.

Шинэчилсэн зардал, хуваарийн тооцооллыг 2022 оны зургадугаар сард гаргаж, Хойд Хюго 1 төслийн нийт зардлыг 7.06 тэрбум ам.доллар байхаар тооцсон. Энэ нь 2020 оны шинэчилсэн тооцоолоос 0.3 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Дээрх тооцооллыг “Оюутолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөл хянана.

“Оюутолгой” компани 2022 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцуулав. Тус компанийн 2010-2022 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 15 тэрбум ам.доллар буюу 34 их наяд төгрөг давж, тус дүнгийн 75 хувийг дотоодын худалдан авалтад зарцуулжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *