ШОРООТОЙ ГУРВАН БӨМБӨГӨР

0
талбай

Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн iToim.mn сайт үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Нийтлэлч Отгонбаяр” сангаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг зарлаад байгаа билээ. Тэргүүн нийтлэлийн уралдаанд ирүүлсэн бүтээлээс хүргэж байна.

Улсын минь зүрхэн цэг. Ардхан нь гурван өндөрлөг суудаг даа. Үүгээр өнгөрөхөд Монголын явдлыг морилон тунгаах их өргөөний оройд байх утаа тоосонд дарагдсан гурван шилэн бөмбөгөр үзэгдэх. Лав хагас жил шороог нь унагасангүй дээ гэх харуусалтай хамт монголчуудын амьдрал эндээс харагдах мэт. Оройд нь асах төрийн далбааг шинэчилжээ. Магадгүй саяхан болсон гашуудалтай холбоотойгоор туг бөхийлгөх болж, нэг хүн зорьж гарсныхсолио биз. Өөр юу ч өөрчлөгдсөнгүй. Чингис хааны хөшөө дүнхийдгээрээ дүнхийж, төрийн их өргөөний сүр бараа буураагүй ч түүний орой дагширсан буртагтай. Төрийн малгай болсон дээврийнхээ ч шороог унагачихгүй байгаа дотор нь ахуй дээдэс монгол хүнээ хэн болгоно доо гэсэн униарт бодолд хөтөлнө.Монголын тархи гоожиж байнаЯг л тэр шороотой гурван бөмбөгөр шиг алсаас гялалзах ч доторхыг харж боломгүй зурагдсан шилний цаана бид амьдардаг. Бахархам түүхтэй, өв уламжлалтай, өргөн нутагтай, ардчилал-эрх чөлөөтэй. Энэ вакум дотор тархиар чинь наадаж байхад сэрэх сэрэл ч үгүй болгосон. Сайхан бүхний түүчээнд явж, хэн нэгний ард орчихгүй юмсан гэж хичээж, биеэр биш брэндээр гоёдог үндэстэн болсон. Авагдахгүй бол зээлээд авна. Энэ зээлээ дараагийн зээлээр төлчихнө. Угаасаа зээл авдаг, зээлээ ч зээлээр хаачихдаг төрийн бодлого түмний амьдралд туссан гэлтэй. Хурааснаа харамгүй тараачихдаг, хурах орохоо хуваагаад идчихдэг, бүр ирээдүйд орж ирэхээ ч урьдчлаад тараачихдаг төртэй. Болохгүй бол татвар хураамж нэмчихдэг ганцхан аргатай. Бага сагаар цалин, тэтгэвэр нэмсэн болоод үнийн өсөлт, татвараар хэд дахин эргүүлээд авчихна. Монголын гоё сайхны тухай яриа энэ хүрээд л жинхэнэ амьдрал руу ордог.Жинхэнэ амьдрал дээр сороотой олонх нь гадашгаа явах тухай л бодож байна. Монгол хүнээ шороотой шийдвэрээр шорвог амьдруулж байгаад гутарсан нь тэр. Амьдрал хайж зарим нь түр, зарим нь бүр зугатаж байна. Үүнийг тархи гоожих гэдэг. Монголын тархи гоожиж байна. “Оюун ухаан хүчгүйдэж, хөдөлмөр шулагдан, эрх чөлөө боймлогдсон газар ядуурал нүүрлэдэг. Тэр газраас өөрийн гэсэн оюун ухаантай, түүндээ итгэж, эрх чөлөөгөө хулгайлуулж, хөдөлмөрөө дээрэмдүүлэхгүй гэсэн хэсэг нь дүрвэн зугтдаг. Монгол үндэстний тархи өнөөдөр гоожиж байна” хэмээн хуульч Х.Тэмүүжин халаглан бичжээ. Мэргэжил мэдлэгтэй, амьдрах аргатай олон хүн өнөөдөр эх орноосоо дайжин гадагш тэмүүлж байна. Монголдоо олон зүйл шинээр хийж бүтээж чадах эрүүл бодол санаатай, хөдөлмөрч иргэд гадагш нүүн, өөр бусад орны хар бор ажлыг хийн, баялгийг нь бүтээлцэж, тэнд ажиллаж амьдарч байгаа. Харин Монголын тархийг гоожуулаад байгаа уг шалтгааныг шороотой гурван бөмбөгөрийн доор хэрхэн ярилцаж байдаг юм бол. Тэд хэдий болтол улсын хөгжлийг дипломтой хүний тоогоор хэмжсээр суух вэ.Хожимдож буй МонголДэлхий даяар бизнес үйлдвэрлэлийн хандлага, арга технологи бүгд хувьсан өөрчлөгдөв. Энэ өөрчлөлтийг дагасан боловсон хүний чадавхийн хөгжлийг урьдчилан харж бэлтгэх шаардлага бий. Хиймэл оюун ухаанд суурилсан цоо шинэ үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд бий болсоор. Харин бид үүнд чиглэсэн суурь боловсролын тогтолцоо, боловсон хүчний үндэсний бэлтгэл алга. Урьтаж биш хожимдож. Бодлого байгаа ч хөрсөндөө буухгүй байгааг анзаарч харахгүй бол ажил хийх ч хүнгүй болж байгаа нь өөрөө үйлдвэрлэгч орон болох боломжийг алдахад хүргэнэ. Энэ бүхэн дипломын тоогоор ажиллах хүчнийг нөхөхгүй гэдгийг харуулна. Технологийн хөгжлийн нөлөөгөөр бизнесийн арга барил цаг минут тутамд шинэчлэгдэж, хөгжөөд байдаг. Гэтэл бодлогын түвшинд шинэ монгол хүний тухай хэдэн хуудас байдаг бол.Виз мэдүүлгийн төвүүд ачааллаа дийлэхээ болин илүү цагаар ажиллаж, шинэ төгсөгчид хийх ажлаа биш сурангаа ажиллах боломжтой улсуудыг судалж байгаа. Ажиллах хүнгүй бол мянган шинэчлэл хийгээд зуун үйлдвэртэй болохгүй. Гэхдээ тулгамдсан асуудлыг яаж шийдэх том хариу төрийн түвшинд алга байна. 2008 онд эхэлсэн хүн амын цонх үе 2025-2030 он гэхэд бүрэн дуусна. Монгол Улс хөдөлмөрийн насны идэвхтэй хэсгийг ашиглах цонх үеэ алдсан. Араас нь тархи гоожиж дуусвал гоожих тархигүй хэсэг нь хэдэн улстөрчидтэйгөө хэрэлдсээр л үлдэнэ. Цонх үеэ алдсан, тархиа гоожуулсан… удахгүй монгол хүнээ алдах вийХүний нөөцийн бодлогын мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар 1965-1979 оныхонд мөнгөн урамшуулал, шагнал, уян хатан ажлын нөхцөл чухал бол 1980-2000 оныхонд  мөнгөн шагналын урамшууллаас гадна ажлын ур чадвараа нэмэгдүүлэх ажлын байрны соёл чухал. Тэгвэл 2000 болон түүнээс хойш төрсөн Z үеийнхний хувьд мөнгөн урамшуулал хүртэхээс илүү нийгмийн харилцаанд ойр байж, бусадтай харилцах нь чухал гэнэ. Насны ангилал, нийгмийн үе хоорондын онцлогийг анзаарч, ажиллах хүчээ тордох нь аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн хамгийн чухал бодлого.  Улсын хувьд хүний хөгжлийн суурь. Гэвч өнөөдөр хөдөлмөрийн үнэлэмж бага байгаа нь бүхэлдээ манай ажиллах хүчний хомсдолын шалтгаан болов.Нэг үеэ бодвол хүмүүс халамжид биш хөдөлмөрлөх, өөрөөс эхлэх амьдралыг сонгож байна. Гэвч тэдний чухал сонголт нь өөрийгөө хөгжүүлж, мэргэжил чиглэл салбартаа карьер хөөх биш шууд өндөр өртөгтэй ажил эрхлэхээр гадны улсыг сонгох болсон. Энэ их бужигнаан юунд тухай төрийн төсөөлөл юу бол. Эцэстээ энэ нь зүгээр нэг монголчуудын амьдралын төлөөх тэмцлээс хальж, монгол хүний тухай ярихад хүргэнэ. Бахархал, үнэт зүйл, бодит байдал, эрсдэлд тэсвэртэй үндэстэн байх эсэх тухай бодоход хүргэнэ. Дийлэнх нь ямар нэг байдлаар төрөөс, төсвөөс хараат амьдардаг, нийтээрээ цаг баримталдаггүй, хэлсэн ярьсандаа хүрдэггүй, ажил хэрэгч бус. Үндэсний бахархал нь эх орон, түүх, өв соёл ч монголчууд ийм хүмүүс гээд гайхуулчих үнэт зүйлийг бий болгож чадаагүй нь ирээдүйг улам бурхэг болгож байна.Үндэсний сөрөх тэсвэрлэх чадварГерман чанар, япончуудын хариуцлага, солонгосуудын хүндэтгэх ёс. Дэлхийд өөр өөрийнхөөрөө танигдаж, үлгэрлэж байгаа бүхэн өөрийн гэсэн суурьтай. Тэр нь тухайн үндэстний нийтлэг эрсдэл даах чадварын илэрхийлэл. Харин бид улцгар хүмүүс болсон. Нийгмээрээ хариуцлагагүй, ёс зүйгүй, нэгнээ хүндэлдэггүй байдал олширсоор. 1920-иод онд Монголд судалгаа хийж явсан эрдэмтэд монголчууд бол хариуцлагатай хүмүүс гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэрнээс өмнө бүр ч хариуцлагатай байсан болоод дэлхийг байлдан дагуулсан байх.Япончууд гэхэд 1868 онд Мейжигийн эрин үе эхлэхээс өмнө дэлхий даяар хамгийн хоцрогдсон, бүдүүлэг, найдваргүй гэсэн имижтэй байсан. Түүнээс хойш 145 жилийн дотор өөрчлөгдсөн. “Ингэж өөрчлөгдөхөд Бушидо ёс нь маш их нөлөөлсөн. Япон хүн ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой, нэгнээ хүндлэх ёстой гэсэн хандлага ёс болон төлөвшсөн” нь нөлөөлсөн гэж доктор  Б.Мөнх-эрдэнэ тэмдэглэжээ. Гэтэл бид хоосон цээж дэлдсэн, дэлхий дүүрэн бахархсан бахадсан хүмүүс. Даанч бахархал маань хөгжил болсонгүй. Нэг талаас нь харвал үе солигдож байгаа энэ үед дундаас дээш насныханд үндэсний бахархал их. Харин шинэ үед энэ нь сул ч шинэ мэдлэг боловсрол, харилцаа, хандлага бий. Нөгөө талаас нь харвал, монголчуудын хувьд бахархал үнэт зүйл бий ч итгэл даах чадвар, цаг баримтлах, ажил хэрэгч байдал, хэлсэндээ хүрдэг эсэх гээд эрсдэл даах үндэстэнд тавигдах эхний шаардлагууд маш сул.Саяхан болсон Эрсдэлийн форумд Эрсдэлд тэсвэртэй үндэстэнг бүтээх нь сэдэвт илтгэлийг судлаач О.Гомбожав танилцуулсан. Тэрээр эрсдэлд тэсвэртэй нийгэм гэж өрсөлдөх чадвартай, нийгмийн капитал бүрдсэн байдлыг хэлнэ гэж томъёолжээ. Олон улсын судалгааны “Энэ улсын иргэн гэдгээрээ та хэр их бахархаж явдаг вэ” гэсэн асуулгад Нигери, Иран, Монголчууд өндөр хувьтай гарсан ч “Ер нь хүмүүст итгэл хүлээлгэхэд таны итгэлийг даах нь олон байх болох болов уу, хөсөрдүүлэх нь олон байх болов уу” гэсэн асуулгад эсрэгээрээ Герман, Нидерланд, Хятад, Япон Солонгосчууд өндөр хувьтай бол бахархлаар магнайлж явсан өнөө Иран, Монгол, Нигер улс бага хувьтай байна. Цаашилбал “Монголчууд ерөнхийдөө хэлсэндээ байж чаддаг хүмүүс үү гэсэн асуултад бүрэн санал нийлнэ” гэж зургаахан хувь нь хариулжээ. Бидний энэ байдлыг хөндлөнгөөс ажиглавал жишээ нь, Германд боловсрол эзэмшсэн доктор С.МолорЭрдэнэ бид өөрсдийгөө хэтэрхий дээгүүр үнэлдэгээс бодит байдлаас салсан социализмын үеэсээ ч ухарсан гэж дүгнэжээ.Эрхэм чанар-үнэт зүйлМонголоос эв нэгдэл хайхад хэцүү. Хоёр хүн байвал нийлээд гурав дахь нөхрийг муулна. Гурав дахь нь ирэхээр талцаад хэрэлдэнэ.  Архидалт хэтийдсэн. “Монголоос л явж байвал болоо” гэсэн бодолтой залуус, эсвэл төрийн дэмжлэг хайр нэхсэн нийтлэг бүлэг олширч бурууг төр засаг руу чихнэ. Бодит байдал ийм. 1911-1945 оныг хүртэл Монголд амьдарсан Норвегийн аялагч, судлаач Оскар Мамен монголчуудын тухай бичсэн дурсамждаа “Монголчууд чухал хэрэгт хүлээцтэй хандаж цаг нь ирэхэд үг дуугүй хэргээ бүтээнэ. Тэд юутай ч нүүр тулахад бэлэн мохошгүй зоригтой авч эр зоригтоо эрдсэн мунхаг нэгэн бус, алив аюул тохиолдоход гагцхүү чадах бүхнээ уужуу тайвнаар дайчлахын зэрэгцээ хэр тааруухан хайр энхрийллээ ч үл мартана” хэмээжээ. 100 жилийн дараа эргэн харахад бид ямар хүмүүс байсан ямар хүмүүс болж байгаагаа эргэцүүлэхэд гэмгүй. Зуун жилийн өмнө Монголд аялсан Дани, Норвеги, Швед, Герман, Америкийн судлаачид монголчуудыг эрэлхэг зоримог, эв нэгдэлтэй, энэрэнгүй тусч гэж бичин үлдээж. Харин одоо хэлсэндээ хүрдэггүй, цаг барьдаггүй, итгэл даадаггүй ийм хүмүүс болж хувирсан. Тэгэхээр эрсдэлд тэсвэртэй, хөгжих суурьтай үндэстнийг бүтээхийн тулд үндэсний зорилго, эрхэм чанар, үнэт зүйлээ товойлгомоор. Үүнээс өмнө өөрсдийгөө яг бодитой тольдмоор. Энэ талаар нийтлэлч Б.Цэнддоо “ичгүүргүй байхаа зоригтой байна гэж боддог, хүнтэй таардаггүйгээ өөрийн бодолтой гэж боддог, хэрүүлч байхаа шударга байна гэж боддог, андуурагддаг чанаруудаа засахаас эхлэх нь зүйтэй” гэсэн нь оносон мэт.​Монгол хүний үнэт зүйл бол эх орон, түүх, өв соёл. Гэхдээ шинэ үеийнхний үнэт зүйл өөрчлөгдөж байна. Олонх залуус гадагшаа явахыг хүсдэг. Гарсан зарим нь давхар иргэншилтэй болоод хууль ёсоор гадаадад амьдрахыг бодно. Өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, тогтворгүй олон хүчин зүйл хамаг чадалтай, идэвхтэй хэсгийг алдахад хүргэлээ. Хориодхон жилийн өмнө “Нүүх үү, үлдэх үү?” гэсэн улс төрийн лекц нийгэмд шуугиан тарьж байв. Хоёр арваны ард ч залуу үе ийм сонголттой нүүр тулав. Залуус эх орноо энэ чигээр нь орхиод нисэх үү, эсвэл өөд нь татах уу гэсэн сонголтын өмнө иржээ. Мэдээж Монгол Улсад төрийн зохицуулалтын, эдийн засгийн, хүний хөгжлийн, ажлын байр, хөдөлмөрийн үнэлэмж, эрүүл аюулгүй орчин хангалтгүй. Энэ бэрхшээлийг давах улс төрийн манлайлал, түүнд итгэх иргэдийн итгэл багассанаар хүмүүс түүнийг цаг зуурын эрсдэл гэж харах аргагүй болж залуус явж байна. ​Монгол хүнээ дотроо ч, гаднаа ч алдах нь. Өөрчлөгдөн буй дэлхий ертөнц хэмээн хүлээн зөвшөөрч болох ч ондоошил-даяаршлын тэнцвэрийг хэрхэн хадгалах төрийн бодлого харагдахгүй байгаагаас Монголоо бүр охиж чадахгүй байгаа зүрх сэтгэлүүд давхар иргэншил ярих боллоо. Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй ч 3800 орчим хүнд давхар харьяаллын шаардлага үүсээд байгаа тухай Үндсэн Хуульд оруулах өөрчлөлтийн үеэрх хэлэлцүүлэгт аюулгүй байдал судлаач танилцуулжээ. Цагаачлах уу, албан ёсны харьяалал авах уу гээд. Тэдний хүсэл бол Монгол Улсынхаа харьяатаас гарахгүй давхар иргэншилтэй болох. Харин тэр хуулийн боломж манайд байхгүй учраас харьяатаас гарч, тухайн улсынхаа иргэн болохоос өөр аргагүй тухай ярьж байна. Энэ бол улс үндэстний хувьд хариуцлагатай, алсыг харсан тооцоо судалгаатайгаар ярих сэдэв. Магадгүй энэ шийдвэрээс шалтгаалан Монголдоо үлдэх үү, Монголоо үлдээх үү гэдгээ олон мянган хүн шийдэхээр байна. Эх адаггүй бужигнасан олон жилийн нугачаанд хөлөө нэг л олж чадахгүй яваа монголчууд. Дотор хүн нь ч монголоо хайсан, гаднах амьдрал нь ч тэмцэж ядсаар төөрч гүйцэж. Шороотой гурван бөмбөгөрийн дор монгол хүний тухай цэгцтэй бодлого тэр хар хайрцаганд нь лав алга.Монгол хүний эрхэм чанар, Үндэсний үнэт зүйл, сөрөн тэсвэрлэх чадвар, Монголын тархийг монголдоо авч үлдэх тухай үндэсний бодлогын хэмжээнд дорвитой судалж, хэлэлцэх цаг болж. Дарга нарын ивээл дор уран гоё уриатай, гял цал болсон үр дүнгүй “форумдаж” байхаар монгол хүнийхээ тухай ярилцая. Хожимдож буй Монголд алдах юм их бий. Шороотой гурван бөмбөгөрийнхөө тортгийг ядаж үргээхсэн дээ.

Эх сурвалж : itoim.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *