“Энержи Ресурс” ХХК-д лиценз олгосон гэх Х.Наранхүү гэж хэн бэ

0
odjargal-naranhuu

 

Дэлгэрэнгүй:

2025.02.25-нд Ж.Оджаргал олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Ухаа худаг“-ийг авахад MCS групп ямар ч хууль тогтоомж зөрчөөгүй” хэмээн ам нээсэн нь гэнэтийн бөгөөд анхных байв.

2025.02.26-нд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг “Үйлдвэр, худалдааны сайд асан Х.Наранхүү 2008 онд хууль зөрчиж “Энержи Ресурс”-д Тавантолгой ордоос тусгай зөвшөөрөл олгосон” гэх дүгнэлт гаргаснаа танилцуулав.

Үүнээс хэд хэдэн асуулт урган гарч байна.

  • Х.Наранхүү гэж хэн бэ, MCS-ийн Ж.Оджаргалтай хамааралтай юу,
  • ЗГ-ыг төлөөлж Үйлдвэр, худалдааны сайд “Энержи Ресурс” компанитай гарын үсэг зурсан 2008.03.21-ний өдрийн баримт бичиг юу байв,
  • УИХ-ын 2007 онд гаргасан тогтоол хэрхэн зөрчигдөв.

Сүүлийнхээс нь эхлэе.

Нэгт, 2007.02.06-ны өдөр УИХ-аас баталсан 27-р тогтоолд,

Энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралт дахь 16 ордыг стратегид бүртгэсэн бөгөөд тэдгээрийн нэгт Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг орд зүй ёсоор багтсан байдаг. Стратегийн ордод бүртгэгдсэн энэ ордоос 2008 онд лиценз олгосон асуудал өдгөө яригдаж байгаа юм.

Хоёрт,

“Энержи Ресурс” ХХК-д Тавантолгойн ордын Ухаа худагт олгосон лицензийн учир начрыг олохын тул он цагийн дарааллаар нарийн хөөж үзэх ёстой болж байна.

2008.03.19-нд Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой орд газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан авах талаар “Энержи Ресурс” ХХК-тай байгуулах гэрээнд гарын үсэг зурахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд даалгаж байжээ. Энэхүү хуралдааны тэмдэглэл бий.

Үүнээс хоёр хоногийн дараа буюу 2008.03.21-нд сайд О.Алтангэрэлийн онцолсон гэрээг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү хийсэн болж таарч байна. Энэхүү гэрээний эх хувь нь өдгөө олдохгүй байгаа гэж мэдээлэв. Ямартай ч “Энержи Ресурс” ХХК-ийн Ж.Оджаргал, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл, “Шунхлай” группын П.Батсайхан нартай үзэглэсэн гэрээ байх ёстой аж.

Гэхдээ үүнээс өмнө хэд хэдэн ньюнс өрнөсөн байна.

  • АМГТХЭГ-ын Геологи уул уурхай кадастрын албаны мэргэжилтэн “Энержи ресурс” компанийн гаргасан өргөдлийг шалгаад нөөцөд авсан болон 287А дугаартай лиценз давхцаж байгааг тогтоожээ. Гэвч Кадастрын албаны дарга Т.Занашир нь 2006.07.20-ны 7-3194 тоот албан бичгээр “…дээр талбайг танай компанид олгох боломжтой” гэсэн  хариуг “Энержи ресурс” компанид өгч байжээ.
  • 2007.06.14-нд Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадорж нь Ерөнхий аудитор Л.Жавзмаад хандаж, “Хууль зөрчиж Энержи Ресурс ХХК, Дайцүки ХХК-нд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг дахин хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэх, арга хэмжээ авна” хэмээж байжээ.
  • 2007 онд хэд хэдэн удаагийн хэлэлцээр хийж “Энержи Ресурс”-ийн эзэмшиж байсан лицензүүдийг төр авч, ганцыг үлдээсэн нь Ухаа худаг аж.

Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байсан. Тэрбээр, өдгөө “Үнэхээр буруутай бол би 2008 онд ЗГ тэргүүлж байснаараа хариуцлага хүлээнэ. Би хэзээ ч хариуцлагаас зугтаж байсангүй” хэмээгээд байна.

Гуравт, Х.Наранхүү гэж хэн бэ,

Төв аймагт төрсөн. Ээж нь радиогийн нэрт нэвтрүүлэгч Цэенханд.

  • 1978 оноос Гадаад Худалдааны Яаманд
  • 1989 оноос Үйлдвэр Худалдааны яам байгуулагдахад газрын даргаар,
  • 1994 онд Монголоос-АНУ-д суугаа ЭСЯ-нд эдийн засгийн зөвлөхөөр,
  • 2000 оны сонгуулийн дараа Үйлдвэр Худалдааны яамны орлогч сайдаар ажилласан.

2000-2007 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын албан тушаалыг хашсан. Энэ хугацаандаа асар их хэмжээний шахаа хийсэн, хууль бусаар хөрөнгөжсөн гэх зэрэг үндэслэлээр хууль хяналтын байгууллагад удаан хугацаанд шалгагдаж байсан түүхтэй. АТГ-аас Монгол-Израилийн хамтарсан “Шинэ техноложи” компанитай холбоотой мөнгө завшсан гэгдэх хэрэг холбогдуулан шалгаж байв. Гэвч түүнд хамаарах 6 тэрбумын хэрэг АТГ удаан шалгарсан хэдий ч, гэнэт хэрэгсэхгүй болон хаагдсан байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг мэдээлэл гарч байлаа.

2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажилласан нэгэн юм. Түүнийг УИХ-ын гишүүн байх хугацаанд эгүүлэн татна гэх мэдээлэл түгээж байсан ч бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгосон билээ.

Тэр үеэс хойш Х.Наранхүү хэсэг нам гүм амьдарсан.

2019.07.09 онд Засгийн газар Тавантолгойн ордын Зүүн цанхийн хэсгийг эзэмшиж, түүнийхээ 30 хувийг гадаад зах зээлд гаргах ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ ОХИН КОМПАНИ байгуулах тогтоолоо олон нийтэд МЭДЭЭЛЭЭГҮЙ. Улмаар Гүйцэтгэх удирдлагаар Х.Наранхүүг тавьсан байдаг. Х.Наранхүүг зүтгүүлсэн хүн нь тухайн үеийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар. Ингэж Эрдэнэс Тавантолгойн стратегийн ач холбогдол бүхий чухал лицензүүдийг эзэмшиж, олон улсад төлөөлөх эрхийг хэрэгжүүлэх эрхийг өвөртөлж байв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *