О.Саранчулуун: Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмждэг хууль эрхзүйн орчинг бий болгох хэрэгтэй

“Гэр бүл хамгаалал-шийдэл” үндэсний хэлэлцүүлэг өрнөж байна. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн О.Саранчулуун оролцож, үг хэллээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-Япон улсад ерөнхий боловсролын сургуулиас гадуурх дугуйланд хүүхэд нь явдаггүй тохиолдолд түүнийг үл хайхрах хүчирхийлэл мэт ханддаг юм билээ. Хүүхдийн авьяас хэрэгцээнд тохирсон дугуйланд хамруулдаг байгаа юм. Эцэг эхчүүд нь хүүхдийнхээ хажууд байж илүү тусалж, дэмждэг юм билээ. Үүнийг бүр хуульдаа суулгаад өгчихсөн. Тус хуулийг Гэр бүлийн боловсролын хууль гэж нэрлэдэг юм билээ. Харин манай улсад энэ зохицуулалт байхгүй. Одоо энэ асуудлыг ярих цаг нь болсон гэж үзэж байна.
Хоёрдугаарт, Хүүхдийн хүмүүжлийн тухай хууль. Хөгжингүй орнуудад ийм хууль хэрэгждэг. Харин манайд асуудал болсны дараа хүүхдээ яаж хамгаалах вэ, яах билээ гэдэг дээр анхаардаг. Хүүхдийн сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийг жигд өсгөхөд нь эцэг эхээс гадна бусад субьектүүд оролцдог байна. Түүнчлэн гэр бүлийн тогтвортой байдлыг дэмждэг хууль эрхзүйн орчинг бий болгох хэрэгтэй. Энэ мэтчилэн тулгамдаж байгаа асуудлаа нэгтгээд хууль эрхзүйн шинэчлээд бодлогоо гаргах нь бидний энд цугларч хэлэлцүүлэг өрнүүлсний хэрэг гарна гэв.