Ирэх сараас нэмэгдэх ТАТВАР, ХУРААМЖ

Ирэх хавраас нэмэгдэх татвар хураамжийг танилцуулж байна.
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 792 МЯНГАН ТӨГРӨГ БОЛНО
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1995 оноос хойш жил бүр нэмэгдүүлж иржээ. Тухайлбал, 1995 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9600 төгрөг байсан. Үүнээс хойш жил бүр тогтмол өсгөснөөр 2011 онд 140 мянган төгрөг болгож байв. Түүнээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг найман удаа нэмснээр 5.6 дахин өсч одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байна.
Тэгвэл ирэх 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 4715 төгрөг буюу сард 792 мянган төгрөг байх тогтоол гаргасан.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосноор 660 мянган төгрөгөөс 89.100 төгрөгийн НДШ төлдөг байсан иргэн, 792 мянган төгрөгөөс 106.320 төгрөгийн НДШ төлнө. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 20 хувиар нэмэгдэж үүнийг дагаад нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа юм. Мөн уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоох эрхийг нээлттэй байлгахаар тогтсон байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо дараах хүчин зүйлсийг авч үздэг. Үүнд:
- Хүн амын амьжиргааны доод түвшин
- Хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа
- Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ
- Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин
- Инфляци хамаарна.
ИРЭХ ТАВДУГААР САРД ДУЛААНЫ ҮНИЙГ 85 ХУВИАР НЭМНЭ

Засгийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн эрчим хүчний үнийг хэрэглээнээс нь хамааран 30-85 хувиар нэмэгдүүлж байгааг мэдэгдсэн бол дулааны үнийг 2025 оны тавдугаар сард нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Тэгвэл тун удахгүй буюу ирэх тавдугаар сарын 16-наас дулааны үнэ 85 хувиар нэмэгдэх болж байгаа юм. Одоо ахуйн хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтоож байгаа болно.
Дулааны тариф өнөөдөр 33862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62960 төгрөг болж, үүний зөрүүгийн хэмжээний алдагдал хүлээж байна.
Айлуудын цахилгаан, дулааны тарифт 2019 оноос хойш таван жилийн хугацаанд өөрчлөлт ороогүй тогтвортой мөрдөж ирсэн байна. Үнэ, тарифт шинэчлэл хийж, зах зээлийн зарчимд нийцүүлж эхэлснээр эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн бие даасан байдал хангагдах боломж бүрдлээ гэж Эрчим хүчний зохицуулах хороо мэдээлж байв.
ИРЭХ НАМРААС ХАЛУУН, ХҮЙТЭН УСНЫ ҮНЭ НЭМНЭ

Ус сувгийн үнийг нэмнэ. Тодруулбал, 2025 оны есдүгээр сарын 16-наас халуун болон хүйтэн усны нэмэгдэнэ гэдгийг албаныхан мэдээлсэн. Иймээс төрөөс гаргасан зохицуулалттай холбоотой үнийн нэмэгдлийг дагасан инфляцийн дарамт ирэх саруудад айл өрхийн төсөвт хүчтэй нөлөө үзүүлж мэдэхээр байгааг Монголбанкны удирдлага мэдээлэлдээ дурдсан юм.
Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2024 оны аравдугаар сард мэдээлэхдээ “Эрчим хүчний үнэ нэмэгдэнэ. Бас дулааны эрчим хүч, хэрэглээний халуун усны үнэ нэмэгдэнэ. Ойрын өдрүүдэд энэ талаарх шийдвэрийг гаргана. Эрчим хүчний тухай хуулиараа Эрчим хүчний зохицуулах хороо бие дааж шийдвэр гаргадаг. Үүнтэй холбоотой судалгааг хийж байгаа. Нэг кВт цаг эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлэж, түгээж, хангаж байна. Айл өрхүүдэд 140 төгрөгөөр борлуулж байна гээд бодохоор 50 хувьдаа ч хүрэхгүй үнэтэй байна. Дулааны хувьд ТЭЦ-3, ТЭЦ-4, ТЭЦ-2, Амгалан дулааны станцаас авч байгаа. Нэг айлын дулааны зардал 1 м.квт нь сардаа 506 төгрөг байна. Би 90 мянган төгрөгөөр дулаанаа үйлдвэрлэчихээд 35 мянган төгрөгөөр борлуулж байна.
Эрчим хүчний үнэ чөлөөлнө гэвэл үйлдвэрлэсэн өртгөөсөө нэмэгдэж таарна. Тэр бол алсын ирээдүйн асуудал.
Бид эхний ээлжид алдагдлаа хэрхэн багасгах вэ гэдгээ шийдэх болохоос эрчим хүчний салбарын үнэ чөлөөлж, өрсөлдөөн бий болгох нь ойрын жилүүдэд хийх ажил биш. Тодорхой хугацаанд үе шаттайгаар эрчим хүчний үнийг үе шаттай нэмсэн тохиолдолд зах зээлийн зарчимд шилжих боломж Засгийн газрын бүрэн эрхийн төгсгөл буюу 2027-2028 онд бүрдэх болов уу” гэдгийг хэлж байсан юм.