Б.Билэгт: 13,9 сая ам.долларын хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчирсан

0

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгттэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбогдуулан ямар шинэчлэл хийж байна вэ?

-Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор нийтийн албан тушаалтнууд маань хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаг үүрэгтэй.

Нийтдээ 48 мянга гаруй нийтийн албан тушаалтан 100 хувь хөрөнгө, орлогоо мэдүүлсэн. Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг нь 2024 оны УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 5-р тогтоолоор шинэчлэгдэн, өөрчлөгдсөн. Тухайлбал мэдүүлэг гаргагч криптовалют, койн, токен зэрэг виртуал хөрөнгүүдээ мэдүүлдэг болсон. Мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эзэмшдэг тоног төхөөрөмж, түүнчлэн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үйл ажиллагааны орлогоо татвар шимтгэл төлсний дараах цэвэр үнийн дүнг бичих байдлаар мэдүүлдэг болсон.

-Өнгөрсөн жил хэчнээн албан тушаалтны хөрөнгө орлогыг хянаж шалгасан бэ?

-Нийтдээ 281 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг хянаж шалгасан. Үүнээс 38 албан тушаалтныг “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” байж болзошгүй үйлдэл мэдээллийг илрүүлсэн. Ийнхүү 8 албан тушаалтанд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад шалгаж байна. Үлдсэн 22 мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хяналт, шалгалтыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, эрсдэлд суурилсан, мөн иргэд олон нийтээс ирсэн гомдлын мөрөөр шалгалтын ажлыг хийдэг.

-Хөрөнгө орлогоо мэдүүлээгүй, мэдүүлэхээс зайлсхийсэн хүмүүст ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Хугацаа хожимдуулж хөрөнгө, орлогоо мэдүүлсэн албан тушаалтныг цалингийн хэмжээний 30 хувийг 3 сарын хугацаатай бууруулах, за удаа дараа энэхүү зөрчлийг гаргасан бол албан тушаал бууруулах, цаашлаад албанаас чөлөөлөх гэсэн сахилгын шийтгэл оногдуулдаг эрх зүйн зохицуулалттай.

-Гадаад улсаас хөрөнгө буцаах ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс Авлигын эсрэг үндэсний конвенцод 2005 онд нэгдэн орсон байдаг. Авлигатай тэмцэх газар 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 13,9 сая ам.долларын хулгайлагдсан хөрөнгийг Монгол Улсад буцаан авчирсан. Жишээлбэл “Лондоны хэрэг” гэх тодотголтой хэрэгт тус хотод байрлах үл хөдлөх хөрөнгийг илрүүлж, хөрөнгө буцаах ажлыг зохион байгуулж ажилласан. Уг хэрэгт тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаас илүүтэйгээр Монгол улс төрийн өмчдөө авч бүртгээд, хохирогч байгууллагуудын нэр дээр хөрөнгөө бүртгэлжүүлээд, тухайн хөрөнгийг түрээслүүлж, олсон орлогыг нь сайн үйлсийн аянд буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн дэргэдэх “Энэрэл” төвийн үйл ажиллагаанд зарцуулж байгаа.

-Дотооддоо гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх тал дээр мэдээлэл өгөхгүй юу?

-2024 онд гэмт хэргийн улмаас 417,2 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад 240,9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Түүнчлэн 23,6 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан.

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид хахуулийн 50,2 тэрбумаар үнэлэгдэх эд хөрөнгийг хураан авч хамгаалсан. Хохирол нөхөн төлүүлэх ажиллагаа өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа.

-Иргэдийн санал, гомдлыг хэр хугацаанд яаж шийдвэрлэж байна?

-2024 онд гэмт хэргийн шинжтэй 1903 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгасан. Үүнээс 676 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Гомдол мэдээллийн шийдвэрлэлт өнгөрсөн оноос 99,5 хувьтай буюу 2,8 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *