Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн ч бүтээмж зургаан улирал дараалан буурчээ

Төрөөс жил бүр төрийн албан хаагчдын болон тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэгдүүлж буй. Энэ онд 226 мянган төрийн албан хаагчийн цалин хөлсийг 6 хувиар нэмэгдүүлэхээр тооцож, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх сараас 792 мянган төгрөг болж нэмэгдэж байна.
Сүүлийн жилүүдэд төрөөс цалинг нэмэгдүүлж байгаа ч эсрэгээрээ бүтээмж буурав. Энэ талаар Монголбанкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “Цалингийн өсөлтийн ард бүтээмжийн өсөлт байхгүй” гэсэн юм.
Түүний хэлснээр сүүлийн зургаан улирал дараалан бүтээмж буурсан байна. Гэтэл цалинг нэмэгдүүлэх нь эргээд аж ахуйн нэгжүүдийн зардал өсөхийн цаана үнийн өсөлт дагуулах эрсдэлтэй тул болгоомжлох ёстойг сануулсан.