Т.Даваадалай: Газар Чөлөөлөх Санд улсын төсвөөс жил бүр 500 тэрбумыг байршуулна

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн ажил 68.8 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 1,300 орчим
нэгж талбарын газар чөлөөлөлтийн дараах цэвэрлэгээ хийжээ. Түүнчлэн Газар Чөлөөлөх Сан
байгуулж, жил бүр улсын төсвөөс 500 тэрбум төгрөгийг байршуулах юм байна.
Энэ тухай Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотын
дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллын газрыг чөлөөлснөөр агаарын бохирдолд эерэг
нөлөөтэй.
Тухайлбал Сэлбэ дэд төвийг байгуулахаар Зургаан буудал, Долоон буудал орчимд 158 га газар
дээр 1,600 орчим нэгж, талбарыг чөлөөлөхөд тухайн бүсэд байгаа албан ёсны гурван ДЦС-д
бүртгэлтэй хэсэг нутгийн агаарын бохирдол 22.5%-аар буурсан байна. Иймд улсын төсвөөс жил
бүр 500 тэрбум төгрөгийг гаргаж Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрт
зарцуулна. Газар Чөлөөлөх Сантай болж жил бүр энэхүү 500 тэрбум төгрөгийг байршуулбал
2040 он гэхэд нийслэл хотын гэр хорооллын 52%-ийг орон сууцжуулж, агаарын бохирдлыг
бууруулах боломжтой.
Улаанбаатар хотын Газар Зохион Байгуулалтын Алба 1993 оноос хойш газар олгодог байсан бол
одоо газар чөлөөлж, Газар Чөлөөлөх Сантай болно. Энэхүү санд улсын төсвөөс 500 тэрбум
төгрөгийн дэмжлэг авья гэж байгаа юм” гэж мэдээллээ.
Сэлбэ дэд төвд 4,362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах 826
тэрбум төгрөгийн төсөвтэй хоёр багц тендерийг энэ сарын эхээр зарласан бол 3, 4 дүгээр
багцын тендерийг энэ долоо хоногт зарлахаар төлөвлөжээ.