“БНХАУ-тай хамтран Монголын сансрын технологийг хөгжүүлэх цогц ажлууд хийхээр төлөвлөж байна”

Шинжлэх ухааны академи /ШУА/-аас өнөөдөр /2025.03.25/ “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцийг зохион байгууллаа. Тус лекцэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань оролцсон. Тэрбээр “БНХАУ-ын өндөр чанартай хөгжил ба Монгол-Хятадын харилцааны хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавьсан юм.
ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл “Манай улсын иргэд Хятадын хөгжлийн талаар сайн мэднэ. Сүүлийн жилүүдэд БНХАУ шинжлэх ухаан, технологи гэлтгүй нийгэм эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй улс болоод байна. Элчин сайдын зүгээс шинжлэх ухаан, технологитой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг илтгэлээрээ дамжуулан өглөө. Тухайлбал сансрын технологи, хиймэл оюун ухаан, их өгөгдлийг боловсруулах, уул уурхай, машин үйлдвэрлэл гэх мэт. ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд БНХАУ-тай хамтран ажилладаг зарим жишээнээс дурдвал
- Хими, химийн технологийн хүрээлэнтэй “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд химийн технологийн лаборатори байгуулсан.
- Одон орон геофизикийн хүрээлэнтэй хамтран хүчтэй газар хөдлөлтийг урьдчилан таамаглах чиглэлээр газар хөдлөлтийг бүртгэх 10 станц, соронзон судлалын ажиглалтын хоёр төвийг байгуулсан.
Энэхүү илтгэлийн дараа хоёр орны эрдэмтэн судлаачдын үйл ажиллагааг элчин сайдын зүгээс эрчимтэй дэмжинэ гэж найдаж байсан, үүнийг ч Элчин сайд сая дурдлаа.Үүнээс гадна ШУА БНХАУ-ын Хятадын цагаан хэрмийн аж үйлдвэрийн корпорацтай “Сансар судлал, сансрын техник технологийн салбарт хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хэрэгжилтийг ханган Сансрын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллаж байна.
Энэ төслөөр сансрын технологи, зайнаас тандан судлалын микро хиймэл дагуул хийж хөөргөх, ашиглах, хиймэл дагуул хөгжүүлэлтийн төв буюу лаборатори байгуулах, газрын станц байгуулах, энэ салбарын хүний нөөцийг бэлтгэх зэрэг цогц ажлуудыг төлөвлөж байна” гэв.
Элчин сайд Шэнь Миньжуань “Өнгөрсөн жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиосны зэрэгцээ гадаад худалдааны эргэлт өссөн. Мөн хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа маш идэвхтэй явж байна.
Монгол Улсын спортын баг бүрэлдэхүүн Ханжоу Азийн наадам болон Харбинд болсон өвлийн наадмуудад амжилттай оролцлоо. Цаашид бид олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хэрэгтэй. Түүнчлэн Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридорт илүү идэвхтэй оролцох шаардлагатай” гэдгийг онцолсон.Хоёр улсын харилцааны түвшний талаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоогоос тодруулахад “Талууд олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй учраас харилцааны хамгийн таатай үедээ байна гэж харж байна. Манай улсын нийт гадаад худалдааны 70 орчим хувийг БНХАУ дангаараа бүрдүүлж байна.
БНХАУ нь хөрш орнуудынхаа хөгжлийг дэмжих чиглэлээр бодлого хэрэгжүүлдэг. БНХАУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хувиар нэмэгдэхэд хөрш орнууд, тэр тусмаа Монгол Улсын эдийн засаг 0.6 хувиар өсөх боломжтой гэсэн статистик бий” гэлээ.