Л.Хосбаяр: Метро барих санхүүжилтийн 15 хувийг нийслэлийс, 85 хувийг гадаад эх үүсвэрээс татна

НИТХ-ын ээлжит бус V хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлгийн эхэнд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжих тухай асуудлыг хэлэлцсэн.
Улмаар НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар Улаанбаатарт метро барих төслийн ТЭЗҮ-г дэмжиж, тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.
Тус асуудлыг НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр танилцуулсан юм.
-Улаанбаатар хотод метро байгуулах асуудлыг 2011 оноос эхлүүлсэн бөгөөд Метро байгуулах тухай Засгийн газрын 411 дүгээр тогтоол гарсан байдаг. Улмаар олон улсын туршлагатай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээг авах ажлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж БНСУ-ын тэргүүлэгч “Духа Инженеринг” ХК болон “Корэйл”, “Сусонг инженеринг”, “Корэй нэшенэл рэйлвей” байгууллагуудын консорциум шалгарч 2024 оны 7 сарын 5-ны өдөр гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн байна. Метроны нэгдүгээр шугамыг Энхтайваны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 км урт байхаар төлөвлөсөн. Үүнээс 19.1 км 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд байрлана.
Метроны нэгдүгээр шугамын голчлон газар доогуур хийхтэй холбоотойгоор туннель болон өртөөний барилга угсралтын доороос дээш ухах, хучих аргачлалаар хийнэ. Туннел өрөмдлөгийн машины газрын гүнд суух түвшин 10-25 метр байхаар тооцсон байна.
Метроны төслийн төсөвт өртгийг мэргэжлийн байгууллагууд баталсан бөгөөд метроны нэгдүгээр шугамын төсөвт өртөг 2.4 тэрбум ам.доллар. Үүний 97.7 хувь нь бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах бол үлдсэн хувь нь захиалагчийн хяналт, газар чөлөөлөлт зэрэг бусад ажилд зарцуулагдах байна.
Санхүүжилтийг 15 хувийг Нийслэлийн төсвөөс, үлдсэн 85 хувийг гадаад эх үүсвэрээс татахаар олон яриа хэлэлцэл, уулзалт хийгдэж байгаа.
Мөн метроны төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын 28, Олон улсын 56 стандартыг мөрдөж ажиллахаас гадна олон талын хууль, эрх зүйн уялдаа холбоог хангаж ажиллахаар төлөвлөж байгааг дурдлаа.