Сайдын суудалд сандайлсан болгон “шаадаг” болов

0

Монголд хулгай хийдэггүй салбар гэж алга. Автобусанд хүний гар утас хулгайлагчдаас эхлээд төрийнхөө бүх шатанд хулгай хийж байна. Тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнууд, сайд дарга нар, сангуудын захирлууд татвар төлөгчдийн мөнгийг хэдэн тэрбумаар хулгайлдаг асуудал ужиг өвчин болов. Харин нэг ялгаатай нь халаасны хулгайч хариуцлагаа үүрээд шоронгийн хаалга татдаг бол сайд дарга нар сандал суудлаасаа ч салалгүй үлддэг асар ялгаатай тогтолцоо бүрдсэн байна.

ХҮН намаас УИХ-д иргэдийн төлөөлөл болж сонгогдсон цөөн хэдэн гишүүдийн нэг нь Боловсролын сайд П.Наранбаяр. Боловсролын салбарт олон жил ажилласан, мэдлэг чадвартэй, итгэл даахуйц нэгэн хэмээн үнэлж түүнийг гишүүн болгосон. Улмаар гурван нам хамтарч Засгийн газар байгуулахад ХҮН намд олгосон шагнал нь Боловсролын сайдын албан тушаал байв. Шагналын албан тушаалд сайд болж тухламагцаа П.Наранбаяр хэн бэ гэдгээ харуулах үйлдлийг хийчихжээ. Түүнийг Шинэ Монгол сургуулийн захирлаар олон жил ажилласныг бүгд мэднэ. Тэр сургуулийнхаа нэрээр ч олонд танигдсан. Гэтэл тэрбээр авлига, ашиг сонирхлын шинжтэй их хэмжээний буюу 1,2 тэрбум төгрөгийг тушаал гаргаж өөрийн хамаарал бүхий Шинэ монгол сургууль руу шилжүүлжээ.

Тодруулбал “Ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөрт арга хэмжээг 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 120 сургуульд үргэлжлүүлэн хэрэгжүүлсүгэй. Ерөнхий боловсролын сургуулийн менежментэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 1,2 тэрбум төгрөгийг ………… улсын төсөвт зохицуулалт хийж тус тус санхүүжүүлэхийг Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалд зөвшөөрсүгэй” гэх тушаал гаргасан байсан нь ил болов.

Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж, албан тушаалаас нь огцруулах, хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох учиртай. Мөн энд дан ганц П.Наранбаярыг бус УИХ-ын гишүүн Ж.Галбадрахыг ч шалгах ёстой. Учир нь Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч нь тэр билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *