Нисдэг тэргээр мөнгө тараасан гэж С.Бямбацогт хэнийг хэлэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдөр /2025.03.28/ Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Сонгуулиар нисдэг тэрэг хөлөглөн мөнгө тараадаг олон хүн байна” гээд хэлчихсэн нь анхаарал татлаа.
Үндсэндээ томсгосон тойрогтой, холимог тогтолцоотой 2024 оны УИХ-ын сонгуульд сурталчилгаа хийх зардал асар өссөн. Сум, баг бүрд очиж уулзалт хийдэг байтал нэг бус гурван аймаг нэгдчихээр газар зүйн хувьд ч туулах зам урт боллоо. Гэхдээ тэд яаж ийгээд сурталчилгаагаа хийсэн. Ингэхдээ нисдэг тэрэг хөлөглөсөн нь ч үнэн.
Гэхдээ мөнгө тараасан гээд юуг хэлчихэв?
Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, МАН-аас Ц.Цэрэнпунцаг, Б.Дэлгэрсайхан нар нисдэг тэрэг ашигласан тухай хэвлэлээр олонтой бичигдэж байв. Нисдэг тэрэг түрээслэх үйлчилгээ үзүүлдэг дотоодын компаниудын захиалга дүүрсэн гэгдэж байлаа. АПУ ХК-ийн хувьд нисдэг тэрэгтэй. Энэ үүднээс АПУ-гийн П.Батчимэг нар ч нисдэг тэрэг ашигласан гэх мэдээлэл бий. Гэхдээ Л.Гантөмөр гэхэд л намын дарга атлаа жагсаалтад “нуугдсан”. П.Батчимэг ч бас жагсаалтын гишүүн. Ц.Цэрэнпунцагийн хувьд сонгогдож чадаагүй. Тэгэхээр нисдэг тэрэг хөлөглөсөн нэр бүхий гишүүдээс чухам хэн нь мөнгө тараасан гэж С.Бямбацогт хэлээд байна вэ? Намынхаа гишүүдийг үү, эсвэл?