Вьетнамаас удирддаг хуудсаар “тураах чихэр” гэх хуурамч сурталчилгаа хийж байна

0

-МОНГОЛЫН БАРИМТ ШАЛГАХ ТӨВӨӨС  нягталсан мэдээллийг хүргэж байна-

Ерөнхий агуулга – Турааж, элэг цэвэршүүлэх чихрийг баталсан судалгаа нотолгоо байхгүй.

Шалгасан мэдээлэлд хуурамч сурталчилгаанд өргөн хэрэглэгддэг “дахиж жин нэмэхгүй, дасгал, хөдөлгөөн хийхгүй” турна гэх агуулгыг ашиглахаас гадна өөр компанийн сертификатыг ашиглаж баталгаатай мэт төөрөгдөл үүсгэж байна.

Баримт шалгалтын үр дүн

2024 оны 10 дугаар сарын 31-нд “V.I.C Pineapple Candy – Гэдэс, гуя, хоёр толгойн өөхийг хурдан багасгана” нэртэй хуудаснаас VIC тураах чихэр гэх бүтээгдэхүүн сурталчилсан пост нийтэлжээ.

Уг постод “Дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм барих шаардлагагүй, гар болон гуяны хэсэг агшина, илүүдэл өөх тосыг хурдан арилгана, элгийг хоргүйжүүлж, биеийг тэнцвэржүүлнэ” гэх агуулгыг дурджээ. Уг пэйжээс гадна VIC чихрийг ижил агуулгатай сурталчилж буй “V.I.C Pineapple Candy 1 – Гэдэс, гуя, хоёр толгойн өөхийг хурдан багасгана”, “V.I.C Candy Center – Улаанбаатар хотын номер 1 тураах төв”, “VIC Pineapple Candy – Жин хасах Монгол дахь дэлгүүр”, “V.I.C ханборгоцойн чихэр – Өтгөн биетэй хүмүүсийн тэргүүлэх сонголт”, “VIC Pineapple Candy – Гэдэсний өөхийг хайлуулна “ “VIC – Beauty & Slim In Mongolia” зэрэг хуудас байна. Түгээсэн постыг нийт 1,400 гаруй реакц, 4,700 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 358 удаа цааш түгээжээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Хаяг шалгах, агуулгыг нягтлах

“VIC тураах чихэр” гэх бүтээгдэхүүнийг арав гаруй хаягаар сурталчлан борлуулж байна. Эдгээр хаягуудын зарим нь ижил нэртэй, нийтэлж буй постууд ижил агуулгатай байна. Иймд хуудаснуудын мэдээллийг нягтлахад бүгд гадаадаас буюу ихэвчлэн Вьетнам улсад байршилтай админ удирдаж байна. Доорх зургаас хуудас тус бүрийн админы байршлын мэдээллийг харна уу.

Бүтээгдэхүүн сурталчилж буй хуудаснуудын админы байршлын мэдээлэл Бүтээгдэхүүн сурталчилж буй хуудаснуудын админы байршлын мэдээлэл

“V.I.C Pineapple Candy 1 – Гэдэс, гуя, хоёр толгойн өөхийг хурдан багасгана” хуудаст “Tran Ly Pharma Trade Company Limiter” гэх үйлдвэрлэгчийн сертификатыг оруулжээ. Тус компанийн албан ёсны сайтаас “VIC, V.I.C candy” гэх түлхүүр үгээр хайхад илэрцгүй байна. Мөн тураах бүтээгдэхүүний тухай хайхад түгээсэн мэдээлэлд дурдсан тураах чихрийн талаарх мэдээлэл огт байхгүй . Өөр компанийн батламж, сертификатыг ашиглан хуурамч сурталчилгаа хийж буйг үүнээс харж болох юм.

Дасгал хөдөлгөөн эрүүл хоолны дэглэмгүйгээр хурдан хугацаанд турах боломжгүй

Бид богино хугацаанд, дасгал хөдөлгөөн хийхгүйгээр турах боломжтой мэт сурталчилсан тос, саван, наалт, цай зэрэг бүтээгдэхүүний тухай шалгаж худал болохыг мэдээлж байсан. Эдгээр хуурамч сурталчилгаа хийдэг бүтээгдэхүүн ихэвчлэн маш хурдан хугацаанд, дасгал хөдөлгөөн огт хийлгүй хялбар турах боломжтой, хүссэн бүхнээ идээд турах боломжтой мэтээр сурталчилдаг төсөөтэй шинжүүд бий.

Залилан мэхлэх, хуурах, шударга бус бизнесийн үйлдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг АНУ-ын Холбооны Худалдааны Комисс (Federal Trade Commision)- оос  Зөв зохистой хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөнгүйгээр жин хасах шидэт арга байхгүй тухай АНУ-ын Холбооны худалдааны комиссоос анхааруулжтураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны мэдээллийг хүргэжээ. Үүнд:

  • Тураах тос, наалт ашиглаад л жин хасна гэх мэт агуулгатай хуурамч сурталчилгаа явуулдаг хэмээн онцолсон байна.
  • Дасгал хөдөлгөөн хийхгүй, хоолны зохих дэглэм барихгүйгээр жин хасна (Худал)
  • Манай бүтээгдэхүүнийг хэрэглээд дахин таргалахгүй
  • Богино хугацаанд их жин хасна
  • Хүн болгонд тохирно
  • Тураах тос, наалт ашиглаад л жин хасна гэх мэт агуулгатай хуурамч сурталчилгаа явуулдаг хэмээн онцолсон байна.

Харин түгээсэн мэдээлэлд “Дасгал хөдөлгөөн, дэглэм барих шаардлагагүй, дахиж жин нэмэхгүй” зэрэг дээр дурдсан хуурамч сурталчилгааны шинжийг агуулжээ.

Мөн Холбооны Худалдааны Комиссоос “Жин хасах тухай худал мэдээллийг илрүүлэх медиа гарын авлага“-даа жин хасах бүтээгдэхүүн сурталчлахдаа бусдын анхаарлыг татахуйц “өмнөх болон дараах” зургийг ашигладаг тухай дурджээ. Ялангуяа хэрэглэгчээс ирсэн дэмжлэг бүхий сэтгэл ханамжийг сэтгэгдлүүдийг оруулдаг байна. Тураах чихэр сурталчилсан хуудаснуудын мэдээллийг ажиглахад ихэвчлэн хүмүүсийн сэтгэгдэл бий бөгөөд зарим нь гадаад буюу вьетнам нэртэй хаягаас бичсэн сэтгэгдлүүд байна.

Үргэлжлүүлэн PubMedReasearchGateScienceDirectGoogle Scholar зэрэг судалгааны сангаас тураах чихэр хэмээн хайхад чихэр нь турааж, элэг цэвэршүүлэхийг баталсан судалгаа, нотолгоо байхгүй байна.

Шалгасан мэдээлэлд хуурамч сурталчилгаанд өргөн хэрэглэгддэг “дахиж жин нэмэхгүй, дасгал, хөдөлгөөн хийхгүй” турна гэх агуулгыг ашиглахаас гадна өөр компанийн сертификатыг ашиглаж баталгаатай мэт төөрөгдөл үүсгэж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *