Булган аймагт 41 настай эрэгтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц хэрцгийгээр эхнэрээ хөнөөжээ

Булган аймагт 41 настай эрэгтэй эхнэрээ онц хэрцгий аргаар хөнөөсөн хэрэг гарсан байна. Тодруулбал, нэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, олон удаа хатуу биетээр цээжин хэсэгт нь цохиж хэвлий хэсэгт нь хутгалж эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн байна.
Түүний уг үйлдэл гэрч, цагдаагийн мөрдлөг, хэрэгт авагдсан эд мөрийн баримтаар нотлогдсон.
Шүүх шинжилгээний дүгнэлтээр амь хохирогчийн биед цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн зүрх, уушги, элэг, дэлүү, нойр булчирхайг гэмтээсэн, зүүн бугалга, тохой, цээж, хэвлий, баруун гарын сарвууны олон тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх, хуйх, баруун шанаа, шуу шилбэ, зүүн бугалга, шуу, гуя, өвдөг, цээжний баруун дээд хэсэгт олон тооны цус хуралт, баруун гарын сарвуу, баруун зүүн мөрөнд олон тооны зулгаралт бүхий гэмтлүүд учирсан, дээрх гэмтлүүд нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэх дүгнэлтийг гаргасан байна.
Иймд анхан шатны шүүх хянан хэлэлцээд 20 жилийн хорих ял оноосон байна. Гэсэн эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн О. давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж уг хэргийг дахин хэлэлцжээ.
Тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандаж “Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Би өөрийн хэргийн гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа, гарсан бүх хохирлыг бүгдийг нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Би хөгшин настай ээжтэй, ээж минь өвчтэй буюу чихрийн шижин өвчний хүндэрсэн хэлбэрээр өвдсөн байгаа. Миний бие үнэхээр маш буруу зүйл хийж хань ижлийнхээ амь насыг хохироосондоо туйлын их гэмшиж, харамсаж, өөрийгөө яллаж өөртөө гомдож байна. Эрхэм шүүгч та бүхэн надад ногдуулсан ялаас хасаж өгөхийг хүсэж байна. Би ялаа эдэлж гарч ирээд өөрийн буруу үйлдэл хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүү, ээжийнхээ өмнө бага ч гэсэн өөрийн ажил амьдралаараа хүлээхэд тусалж өгөхийг хүсэж байна” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: … Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна … хэмээсэн байна.
Улмаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.-д оноосон ялаас хөнгөрүүлэх шалтгаан нөхцөл тогтоогдоогүй хэмээн үзэж анхан шатны шийдвэр болох 20 жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр заалт. Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 2.Хүнийг:
- 2.1.онц харгис хэрцгийгээр;
- 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
- 2.3.захиалгаар;
- 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
- 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
- 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
- 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
- 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
- 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
- 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
- 2.11.бүлэглэж;
- 2.12.эрүүдэн шүүж;
- 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
- 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.