126:1 Тэрбумтан

NEWS.MN сайт “126:1″ булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын 2024 оны сонгуульд Баян-Өлгий аймагт нэр дэвшин парламентад сонгогдсон Т.Аубакирыг танилцуулж байна.
Казах түмний төлөөлөл болж, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа Т.Аубакирыг ураг төрлийнхөө улс төрийн карьерыг үргэлжлүүлэх зорилгоор бизнесийн салбараас урвасан гэх нь бий.
Тэрбээр УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайд асан Х.Баделханы эгчийнх нь хүүхэд бол УИХ-ын гишүүн асан Г.Солтаны ахынх нь хүү.
Х.Баделханд нам нь УИХ-ын сонгуульд нэр дэвших квот өгөхгүйгээ Барилга хот байгуулалтын сайдын албанд тавих үеэс мэдэгдсэн байсан бол Г.Солтан ЖДҮХС-гийн хэргээр ял сонсох нь тодорхой болсон цаг үед Т.Аубакир омог дахь ураг төрлийнхөө улс төрийн карьерыг үргэлжлүүлэхээр 2020 оны УИХ-ын сонгуульд анх өрсөлдөн орж ирсэн. Дуулиан шуугиантайгаар улс төрд орж ирсэн бизнесмэн гэж тодорхойлж болно. Учир нь, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд асан Ж.Саулегийн нэр дэвших квотыг булаан авснаасаа хэл аманд орж байв. Энэ талаар дэд сайд асан Ж.Сауле “Бадeлхан байхад улс төрд шударга томилгоо хэзээ ч байхгүй гэсэн та бүхний үг үнэн байсан гэдгийг биeэрээ үзлээ. Юун тэр сүржин шалгуур. Нутгийн залуучууд, эмэгтэйчүүд, монголчуудынхаа захисан шударага ёсны төлөө тэмцээд барсангүй” гэж мэдэгдсэн удаатай.
Ах нарынхаа дэмжлэгээр их улс төрд орж ирсэн Т.Аубакир нь “Отгонтэнгэр” дээд сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн. Гэвч мэргэжлээрээ ажиллаагүй. Гаалийн байгууллага болоод газар тариалангийн салбарт ажилласан. Мөн Казахстан улсад аялал жуулчлалын бизнес эрхэлж байсан. Улс төрд орох болуутаа эл бизнесээ зарсан. Бизнес эрхэлж байсны хүчинд тэрбумтан болсон. Мөнгөтэй хүн улс төрд газардахгүй гэдгийг харуулж яваа улстөрч.
Авлигатай тэмцэх газарт /АТГ/-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 259 сая төгрөг, 220 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, хадгаламжиндаа 27 сая төгрөгтэй, 60 сая төгрөгийн зээлтэй гэсэн даруухан мэдээллийг өгсөн ч 4.5 тэрбум төгрөгийн авлага нь хэр хэмжээний хөрөнгөтэйг нь тодорхойлоод өгнө.
Тэрбээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө буюу 2016 онд Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд болохоор зүтгэж, МАН-ын Удирдах зөвлөлөөр дэмжүүлсэн ч АТГ-т шалгагдаж байсан асуудлаасаа болж чадаагүй.
Чанаргүй буудай улсад нийлүүлсэн асуудалтай, мөн газар тариалангийн бизнес эрхэлдэг нь ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ гэж үзэн зөвшөөрөөгүй байдаг. Гэсэн хэдий ч буудайн хэргээ хаалгаж чадсан эр. Хэргээ хаалгаж чадсаны хүчинд хожмоо УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд чангаах асуудалгүй болсон.
Парламентад сонгогдсон жилээсээ Т.Аубакир гишүүн Баян-Өлгий аймагт худ ургуудаа төрийн чухал албанд томилуулсан хэл аманд орж байв. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын даргаар УИХ-ын гишүүн асан Х.Баделханы худыг, аймгийн Онцгой байдлын газрын даргаар хүргэнээ томилуулсан мэдээлэл цацагдаж, нэг хэсэгтээ дуулиан болсон. Ажлын туршлага бага, албан тушаалдаа тэнцэхээргүй хүмүүсийг садан төрлийн хэлхээгээр түрий барьж томилсон нь өлгийчүүдийн эсэргүүцэлтэй тулж буй тухай улс төрийн хүрээнд яригдаж байв. Гэвч тэрбээр дээрх томилгоонд өөрийнх нь оролцоо байгаагүй гэж үгүйсгэдэг.
Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д өлгийчүүдийг төлөөлөн ажиллахдаа Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хэсгийг ахалж ажиллан, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах амлалт өгсөн ч өнөө хэр нь тус ордын хайгуулынх ажил ч эхлээгүй. Уг нь энэ орд эдийн засгийн эргэлтэд орвол БНХАУ-руу хүдэр экспортод гаргах төлөвлөгөө Засгийн газарт байсан юм.
Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгох санал нь ч ажил хэрэг болж чадаагүй.
Уг боомт нь БНХАУ-ыг ОХУ-ын Сибирийн бүсийн үйлдвэржсэн бүстэй холбох хамгийн дөт зам бөгөөд Хятад улсын Шинжан Угарын улс руу гарах хамгийн дөт зам юм.
Газар тариалангийн салбарт түлхүү ажиллаж байсан туршлагыг нь харгалзан УИХ дахь МАН-ын бүлэг Т.Аубакирыг өнгөрсөн хугацаанд хүнс хөдөө аж ахуйн салбартай холбогдох хуулийн төслийг боловсруулах зэрэг ажилд ажлын хэсгийн ахлагч, ажлын хэсгийн гишүүнээр сонгон ажиллуулж байв.
Сүүлийн өдрүүдэд тэрбээр Боловсролын сайд П.Наранбаяр руу дошгирох болсон. Баян-Өлгий аймагт хос хэлний хөтөлбөр хэрэгжүүлэх бодлого дэвшүүлсэнд тун ч дурамжхан байгаагаа томилгоогоор далимдуулж, ХҮН нам руу ч давшаад амжсан. Тодруулбал, тэрбээр УИХ-ын Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын байнгын хорооны гишүүн биш боловч өнгөрсөн долоо хоногт хуралдах үеэр зориуд орж ирж суун, П.Наранбаяр сайд руу давшсан. Тэрбээр “Боловсролын салбар ХҮН намын хүний нөөцийн газар шиг болсон. Сая сар гаруй хугацаанд тойрогтоо ажиллаад ирлээ. Боловсролын салбар чинь бужигнаж байна. Таны томилсон хүмүүс чинь сургууль, цэцэрлэгийн захирал дээр очоод ХҮН намын үнэмлэх ав, авахгүй бол ажлаа өг гэдэг. Энэ бол нууц биш шүү. Америкийг та бүхэн харж байгаа, Ерөнхийлөгчөөсөө эхлээд боловсролын салбартаа ач холбогдол өгөөд эхэллээ. Хятад улс бол хэдэн зуун жилийн өмнөөс боловсролын салбартаа анхаарч ирсэн. Таныг намаа бэхжүүл ээ гэж энэ албан тушаалыг өгөөгүй. Та энд ирснээрээ яаж чанартай боловсрол олгох вэ гэдэгт санаа зовох ёстой болохооос биш ХҮН намаа яаж бэхжүүлэх вэ гэж бодож ажиллах ёсгүй. Удахгүй ХҮН нам хамтарсан Засгийн газраас гарна гэдгийг та маш сайн мэдэж байгаа. Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай гэдэг юм. Байгаа дээрээ намаа бэхжүүлээд авчихая гэж байгаа юм уу, багш нар чинь бужигначихаад байна” гэж агсарсан юм.
Харин Боловсролын сайд П.Наранбаяр “Та Баян-Өлгий аймагт улстөржиж байгаа асуудлыг ярьж байна. Ажил урагшаа явах ёстой. Баян-Өлгий аймгийн Элсэлтийн шалгалтын оноо өсч, болохгүй байгаа асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Ямар нэгэн улстөржүүлсэн асуудал байхгүй. Ер нь хос хэлний хөтөлбөрийг боловсруулж, нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Монгол хэл, казах хэлээрээ боловсрол эзэмшихийг дэмжих хэрэгтэй. Энэ болгоныг шийдвэрлэж ажиллана. ХҮН нам засаг барилцаад жаргасан зүйл алга. Ачааг нь үүрэлцэж, боловсролын чанарыг сайжруулахаар ажиллаж байна. Миний зүгээс ХҮН намын үнэмлэх харж, хүн томилоогүй” гэж сөрсөн юм.
Казах хүүхдүүдийг хос хэлтэй болгох төрийн бодлого өнөөдрийг хүртэл саад тотгортой тулж ирсэн. Үүний бас нэг жишээ Баян-Өлгий аймагт өнөөдөр болж байна гэж хэлэхэд буруудахааргүй байгаа юм.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1992 ондСэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 10 жилийн дунд сургууль
- 2000 онд“Отгонтэнгэр” дээд сургууль, олон улсын эрх зүйч
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2000-2005 онд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ тариа” ХХК-ийн дэд захирал
- 2006-2015 онд “Тариан цацал” ХХК-ийн захирал
- 2015-2016 онд Гаалийн ерөнхий газрын Дотоод аудит, мониторин-гийн газрын дарга
- 2017-2019 онд Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын орлогч дарга
- 2008-2015 онд Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны дарга
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноосМонгол Улсын Их Хурлын гишүүн
- ШАГНАЛ
ГАДААД ХЭЛ
- Герман, Орос
Эх сурвалж: News.mn