АНХААР: Улаанбаатар хот, Увс, Завхан аймгуудад ШАР УСНЫ ҮЕРийн эрсдэл хамгийн өндөр байна

Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд шар усны үерийн 124 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. Тохиолдлыг сараар нь авч үзвэл гурав, дөрөвдүгээр саруудад хамгийн их тохиолдсон бөгөөд Улаанбаатар хот, Увс, Завхан аймгуудад хамгийн их байна.
Иймд эрсдэл өндөр байгаа бүс нутагт шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Энэ жилийн хувьд дөрөвдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Тухайн үеийн цаг агаарын эрс дулааралтаас шалтгаалан голын мөсөн бүрхүүл задрах, цөн түрэх, хайлсан цасны ус мөсөн дээгүүр урсах зэрэг үзэгдэл нэгэн зэрэг хүчтэй явагдаж байгаа тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Шар усны үерээс сэргийлж:
– Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдэллэх,
– Гуу жалга, далан, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох,
– Ус зайлуулах хоолой, шуудууг цэвэрлэх, шинээр байгуулах зэргээр арга хэмжээ авахыг зөвлөж байна.
