₮41 тэрбумаар Баруунбүрэнгээс Амарбаясгалант хийд чиглэлийн 33 км хатуу хучилттай зам тавина

Төрийн худалдан авах ажиллагааны газраас Баруунбүрэн-Амарбаясгалант хийд чиглэлийн хатуу хучилттай 33.4 км автозамыг 41 тэрбум төгрөгөөр хийлгэх тухай тендер зарласан байна.
Тухайлбал, өчигдөр буюу /2025-04-03/-ны өдөр уг тендер зарлагдсан бөгөөд материалыг ирэх сарын 05-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна. Харин 2025 онд санхүүжих өртөг нь 14.4 тэрбум гэх бөгөөд нийт санхүүжилтийн эх үүсвэр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гарах аж.
Уг тегдер энэ оны нэгдүгээр сард нэг зарлагдаж байсан хэдий ч өөрчлөх хүсэлт гаргаж дахин зарлагдаад байгаа нь энэ юм байна.
Амарбаясгалант хийд нийслэл Улаанбаатар хотоос шулуунаар бол 260-аад км, Дархан, Эрдэнэтийн гол зам дайрдаг Орхон голын гүүрнээс баруун хойшоо 50 гаруйхан км газарт оршдог. Эл хийд нь Сэлэнгэ аймгийн Бүрэнхаан уулын өвөрт Ивэн голын эхэнд оршдог. 1726 онд Монголын уран дархчууд барилгын ажлыг эхлүүлж, 1737 онд дуусгажээ. Амарбаясгалант гэдэг нэр нь Монгол нэр агаад анх энэ хийдийг байгуулахаар хэсэг лам нар газар шинжиж явахдаа хийдийн байгаа газарт эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд чулуугаар гэр барин тоглож байсантай тааралджээ. Тухайн хоёр хүүхдийн нэр нь Амар, Баясгалант гэдэг байжээ хэмээн Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын мэдээлэлд дурдсан байна.