“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаатай холбоотой хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцэнэ

0


“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын 10-ны пүрэв гарагт хэлэлцэхээр товложээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг удирдан хийгээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан юм.

Өмнө нь буюу 2023 оны арванхоёрдугаар сард дээрх шүүгч урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийгээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргаж байв. Мөн яллагдагч, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хэргийг тусгаарласныг хууль бус, хэргийн бодит байдлыг тогтооход саад болсон гэж үзсэн билээ. Эдгээрийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж үзээд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Гэвч Д.Дарьсүрэн дахин өөр үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр болоод буйг прокурорууд эсэргүүцэн дээд шатны шүүхэд хандсаныг ийнхүү нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хэлэлцэхээр болов.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпорац” ХХК-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх хэрэгт 2012-2016 оны Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар, Ц.Нанзаддорж тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар татсан юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *