“35 жилийн хугацаанд том мега төслүүд санаачилсан түүх байхгүй”

Ардчилсан намын 35 жилийн ойн өдөр өнөөдөр /2025.04.07/ тохиож байна. Ойг тохиолдуулан тус намын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна. Энэ үеэр ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Чулуунбилэгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Ардчилсан нам энэ 35 жилийн хугацаанд насанд хүрсэн, хариуцлага хүлээх хэмжээний бие даасан нам болж төлөвшсөн байна. Энэ бүх хугацаанд бидний дотооддоо үүсч байсан асуудал маргаан цаашид давтагдахгүй байх гэж харж байна. Олон улсын харилцаа геополитикийн харилцаа нэлээд хүндэрч байгаа энэ үед Ардчилсан намын тухайд үндэсний эвлэрэл, зөвшилцлийн асуудалд хариуцлагатай байж хамтарсан Засгийн газарт орж ажиллахаар болсон. Энэ ч утгаараа 14 мега төслийн ихэнх төслүүд дээр манай сайд нар хариуцаж ажиллаж байгаа. Өнөөдрийн хуралд намын ажлаас гадна Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа мега төслүүд дээрээ хэрхэн ажиллаж байгаа, цаашид яаж ажиллах талаараа хэлэлцэж байна.
Мэдээж хамтарсан Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлуудад сэтгэл дундуур, шүүмжлэлтэй хандаж байгаа иргэд бий.
Олон улсын нөхцөл байдал хэцүү байгаа энэ цаг үед бид хамтарч байж том төслүүдээ урагшлуулах боломжтой.
Өнгөрсөн 35 жилийн хугацаанд ийм том мега төсөл санаачилсан түүх байхгүй л дээ. Миний хариуцаж байгаа Хэрлэн- Тооно төслийн хувьд хоёр жилийн дотор хэрэгжих боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр эдгээр хэрэгжүүлж байгаа төслүүд дээрээ олонхын санал, шүүмжлэлийг авч хэрэгжүүлэхэд асуудал байхгүй гэж бодож байна” гэв.