Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах, цахим систем нэвтрүүлэх чиглэлээр олон улсын туршлага судлах хурал эхэллээ

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Нээлттэй засгийн түншлэл, Нээлттэй нийгэм форум, Транспарэнси Интэрнэшнл олон улсын байгууллага, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор улс төрийн намын санхүүжилтийн тайлангийн цахим системийн шаардлагыг тодорхойлох олон улсын туршлага” семинар зохион байгуулж байна.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран улс төрийн намын ил тод байдлыг хангаж, цахим систем хөгжүүлэн олон нийтийн хяналтад оруулахад олон улсын сайн туршлага, шинжээчдийн үнэлэлт дүгнэлт ач холбогдолтойг онцлоод Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд Сонгуулийн ерөнхий хороо төрийн болон олон улсын байгууллага, улс төрийн намуудтай бүхий л чиглэлээр хамтран ажиллаж байгаагаа танилцуулсан юм.
Нээлттэй засгийн түншлэлээс хэрэгжүүлж эхэлсэн Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах Сорилтод Монгол Улс Ази тивээс анх удаа нэгдсэн. Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангахад олон улсын өмнө хариуцлага хүлээж байгааг тэрбээр онцоллоо.
Сонгуулийн ерөнхий хорооны хүсэлтээр Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж Урьдчилсан зөвлөмжөө танилцуулахаар ирсэн Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөлд мөн талархал илэрхийллээ.
Олон улсын семинарын эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ хууль эрх зүйн орчин, хэрэгжилтийн талаар оролцогчдод мэдээлэл өгч, санхүүгийн тайлан мэдүүлэх, ил тод байдлыг хангахад цахим систем ашиглахын давуу тал, ач холбогдол болон цахим систем хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав.
Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга) хэрэгжиж эхэлснээр улс төрийн намын санхүүгийн тайланд гурван үе шаттай хяналт хэрэгжүүлж байгаа. Аудитын хуулийн этгээдийн дүгнэлт гаргасан санхүүгийн тайланг Сонгуулийн ерөнхий хороо хянаж Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал, системийн төсөөллийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа мэдээлэл өглөө. Цаасаар тайлан гаргахад давхардсан мэдээлэл шаарддаг талаар улс төрийн намуудын төлөөлөл асуудал дэвшүүлж байсныг дурьдаад цахим систем нэвтрүүлснээр цаг хугацаа, цаасны хэмнэлт гаргах боломжтойг танилцууллаа.
Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, олон нийтийн хяналтад оруулахад технологийн шийдлийг ашиглах, цахим систем хөгжүүлэхэд олон улсын туршлага судлах, мэдээлэл солилцох зорилготой уг хуралд хамтран зохион байгуулагч олон улсын байгууллагуудаас гадна Сонгуулийн тогтолцооны олон улсын сан (IFES), Армени улсын Авлигаас сэргийлэх комисс, Английн Бристолийн Их Сургууль, НҮБ Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх болон Сангийн яам, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.
Сонгуулийн тогтолцооны олон улсын сан (IFES)-ийн Улс төрийн санхүүжилт хариуцсан ахлах зөвлөх, Европын бүсийн газрын захирал Махнус Оман “Цахим ил тод байдал, дэлхийн улс орнуудын туршлага: Зарим бүс нутагт ил тод байдлыг хангахад ашиглаж буй цахим шийдэл” илтгэлдээ цахим системд тайлагнах, дүн шинжилгээ хийх, нээлттэй байршуулах олон улсын туршлага танилцууллаа. Цахим системд тайлагнах заавар, гарын авлагыг боловсруулж, намын ажилтнуудыг тогтмол сургах шаардлагатайг тэрбээр зөвлөсөн юм. Тайланг бүрэн эсэхийг хянах, хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтлах боломжоор хангахын тулд төрийн байгууллагууд мэдээлэл солилцож болохоор систем хөгжүүлэх чухлыг онцолсон юм. Улмаар нийтэд ойлгомжтой, татаж авах боломжтой байдлаар систем хөгжүүлэхийг олон улсын жишээгээр мэдээлсэн юм. Цахим системийн дата мэдээллийг сэтгүүлч, судлаачдын хэрэгцээнд зориулж төрөл бүрээр мэдээлэл авахад хялбар байдлаар нийтэлж, эргэлтэд оруулснаар олон нийтийн хяналтад оруулах боломжтойг онцоллоо.
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт хүний эрхийн алба (АИХЭА) Сонгуулийн ерөнхий хорооны хүсэлтээр Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт хийж байгаа. Тус байгууллагын Хуулийн мэргэжилтэн Надя Сирэнко, Сонгуулийн зөвлөх Горан Пэтров, Улс төрийн намын Үндсэн багийн гишүүн Фэрнандо Касал Бэртоа нар Улс төрийн намын тухай хуульд өгөх Урьдчилсан зөвлөмжөө олон улсын хурлын үеэр танилцуулав.
Улс төрийн намын гишүүнчлэл, бүртгэл, намыг татан буулгах, дотоод зохион байгуулалт, шийдвэр гаргах үйл явц, төрийн санхүүжилт, хандив, жендэр болон нийгмийн сонирхолт бүлгүүдийн оролцоо, ил тод байдал тайлагнах үйл явц, хяналт хариуцлагын талаарх хуулийн холбогдох заалтуудад Урьдчилсан зөвлөмж гаргаснаа мэдээлэв.
АИХЭА-ны мэргэжилтнүүд энэ сарын 8-11-ний өдрүүдэд оролцогч талуудтай уулзалт хийн, хуулийн практик хэрэгжилтийн талаар тодруулж, Урьдчилсан зөвлөмжид тусгагдсан шүүмж, зөвлөмжийн талаар санал солилцож, нэмэлт өөрчлөлт оруулахаа тодотгосон юм. Улмаар энэ оны хоёрдугаар улиралд санал, зөвлөмжийг эцэслэж нийтэд мэдээлэх аж.
“Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор улс төрийн намын санхүүжилтийн тайлангийн цахим системийн шаардлагыг тодорхойлох олон улсын туршлага” семинар хоёр өдөр үргэлжлэх бөгөөд үдээс хойш улс төрийн намын санхүүжилтийг тайлагнах, цахим шийдлийн талаар Латви, Армени зэрэг олон улсын туршлагаас мэдээлэл солилцох юм.