Тэтгэврийн нас нь хэтэрсэн Б.Жаргалсайхан дахин УЕП болсноор, ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн түүхийг давтана

УЕП Б.Жаргалсайхан ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн түүхийг давтах нь:
Тодруулбал, хурандаа Д.Гэрэл 2017 онд тэтгэврийн 66 насандаа Тагнуулын Ерөнхий газрын даргаар томилогдож, чамгүй хэл ам таталж байлаа. Д.Гэрэлийн түүхийг өдгөө Б.Жаргалсайхан давтах нь. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг улираан томилох саналыг гаргаж УИХ дахь намын бүлгүүд дэмжээд буй. Банзрагчийн Жаргалсайхан нь 1964 онд төрсөн, өдгөө 61 настай.
Гэтэл Прокурорын тухай хуульд 60 нас хүрсэн бол тэтгэвэрт нь гаргах цагаан дээр хараар бичсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн зохицуулалт бий.
- Прокурорын тухай хуулийн 60.3 дахь хэсэгт, Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” хэмээн заасан байдаг.
Тэгэхээр Б.Жаргалсайхан Улсын Ерөнхий прокуророор улирах нь битгий хэл прокуророор ажиллах буюу тэтгэврийн нас нь өнгөрөөд НЭГ ЖИЛ болчихжээ. Түүнийг дахин зургаан жилээр улираах шийдвэр гаргавал Прокурорын тухай хуулийн 60.3 дахь заалтаа зургаан жил зөрчиж таарна.
“46.1.Прокурорын байгууллагыг Улсын ерөнхий прокурор тэргүүлнэ. Улсын ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн байдаг.