МАН: УЕП-оор Б.Жаргалсайханыг улираан томилохыг дэмжлээ

НЭМЭЛТ:
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох тухай” Улсын Их Хуралд ирүүлсэн зөвшилцөх саналыг хэлэлцлээ. Тус зөвшилцөх саналын танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа.
Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор томилох саналыг бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
МАН, АН-ын бүлгээр УЕП Б.Жаргалсайханыг улираан томилох тухай саналыг зөвшилцөнө
УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болжээ. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг 11.00 цагаас, Ардчилсан намын бүлэг 12.00 цагаас хуралдах бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, Улсын ерөнхий прокурор /УЕП/ Б.Жаргалсайханыг улираан томилуулах саналаа танилцуулах аж.
Үүний дараа Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улираан томилох асуудлыг эцэслэх юм.
Б.Жаргалсайханыг УЕП-оор томилох саналыг анх Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-д оруулж, 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд албан тушаалдаа томилогдож байсан юм. УЕП-ыг зургаан жилийн хугацаатайгаар томилдог бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь 2025 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөр дуусгавар болсон. УЕП-оор томилох хүний нэрээ төрийн тэргүүн УИХ -руу оруулж, хэлэлцүүлдэг зохицуулалттай юм.
Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох саналыг УИХ -руу оруулж, томилгоог дэмжүүлсэн. Харин энэ долоо хоногт Б.Жаргалсайханыг УЕП-оор улираан томилох саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ийнхүү танилцуулахаар болж байна.
Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд,
- Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.
- Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасан байдаг.
Прокурорын тухай хуулийн дагуу Улсын Ерөнхий прокурорыг томилохдоо “Хуульчийн мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан 35 насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно” гэж заасан байдаг.

Б.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬД:
- 1988 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хяналтын прокурор
- 1991-1996 онд тус аймгийн прокурорын газарт ахлах прокурор, орлогч прокурор
- 1996-2000 онд аймгийн прокурор,
- 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор,
- 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор,
- 2009-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокуророор тус тус ажиллаж байжээ. Улмаар 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга,
- 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч прокуророор ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаад Улсын ерөнхий прокурор болсон байна.