Ипотек: Үнэ 5,4 сая руу цойлж, хүлээлгийн хугацаа 48 сар буюу дараалалгүй шийдэх ханш 10-15 саяд хүрлээ

0

 

Хураангуй:

  • Эх үүсвэр нэмэгдэхийн хэрээр хүлээлтийн хугацаа уртсаж, үнэ өссөөр байгаа ч Монголбанк шинэ журмаа боловсруулж танилцуулах гээд таг чиг.

Дэлгэрэнгүй:

Урьдач тоон мэдээлэл, ипотекийн зээлд 2024 онд 1.3 их наядыг олгосноос 500 тэрбумыг нь “Хуримтлалын сан”-гаас, 800 тэрбумыг нь Монголбанк болон арилжааны банкуудаас гаргажээ. Энэ онд 1.2 их наядыг гаргахаас 540 тэрбумыг нь “Хуримтлалын сан”-гаас, 750 орчмыг нь Монголбанкны болон арилжааны банкуудаас гаргах аж.

Санхүүжилтын эх үүсвэр хангалттай нэмэгджээ.

Тэгээд чухам яг яагаад үнэ өсөөд, хүлээлгийн хугацаа уртсаад, зээл олдохгүй байгаа юм бэ?

Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдэхийн хэрээр үнэ өсөж, хүлээлгийн хугацаа уртсаж зээл олдохоо болилоо.

-Орон сууцны үнэ тэнгэрт хаджээ: Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу м.кв нь 5,4 сая төгрөгт хүрсэн-

Барилгын гол материал болох арматурыг манайх ОХУ, БНХАУ-аас импортолдог. Монгол Улсын жилийн хэрэглээ 250 мянган тонн байдаг. Иймд хөршүүдийн арматурын үнэ ихээхэн нөлөөтэй. БНХАУ-д арматурын тонн тутмын үнэ оны эхэнд 3342 юаньд хүрч өсөөд өчигдрийн байдлаар 3121 юань болж буураад байна. Тус улсын үл хөплөх хөрөнгийн салбар уналтад ороод буйтай холбоотой. Гэхдээ өмнөд хөршийн арматурын үнийн бууралт манайд ямар нөлөөлөлгүй байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан гуравдугаар сарын орон сууцны үнийн индексийн мэдээллийг хүргэе.

Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4,4 сая төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн үзүүлэлт. Шинэ нь 11.2 хувиар, хуучин нь 17.4 хувиар өссөн аж.

  • Сүхбаатар дүүрэгт 5,4 сая болж, 38.7 хувиар өсжээ
  • Хан-Уул дүүрэгт 4,5 сая
  • Баянгол дүүрэгт 4,4 сая
  • Чингэлтэй дүүрэгт 4,3 сая
  • Баянзүрх дүүрэгт 4 сая
  • Сонгинохайрхан дүүрэгт 3,3 сая төгрөг болжээ.

-Монголбанк ипотекийн зээлийн журам, шалгуураа шинэчилж дуусаад танилцуулах хугацаа өнөөдрөөр дуусгавар болно-

-Монголбанк, ипотекийн зээл олгох журамд өөрчлөлт оруулж, дууссан бөгөөд 2025.04.15-ны дотор танилцуулах тов дуулдсан. Гэвч танилцуулаагүй байна.

Зээлийн хүүг орон сууцны хэмжээнээс хамаараад 6-10 хүртэлх хувиар шатлалаар тооцож олгох төлөвтэй байна. Урьдчилсан байдлаар, орон сууцны талбай болон жилийн хүүгийн хэмжээнд тавигдах шалгуурыг,

  • 40 хүртэлх метр квадратад 4 хувиар,
  • 60 метр квадрат хүртэлх 6 хувиар,
  • 61-80 хүртэлх метр кватратад 8 хувиар,
  • 100 хүртэлх метр квадратад 10 хувь гэх зарчмаар тогтоож холбогдох журамд өөрчлөлт оруулах аж.

Өөрөөр хэлбэл, зээлийн бүтээгдэхүүнийг иргэдийн орлогын ялгаатай нөхцөл байдалд нь тохируулан төрөлжүүлж байгаа агуулга. Мөн хашаандаа барьсан ногоон амины орон сууцанд мөн олгох нөхцөл бүрдсэн.

Ямартай ч, одоогоор Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалд өөрчлөлт ороогүй байна.

Улмаар Төвбанк шалгуураа,

  • Монгол Улсын иргэн байх,
  • 18 нас хүрсэн байх,
  • Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх,
  • Ипотекийн зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны зээлийн үлдэгдэлгүй байх,
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх,
  • Зээлийн хугацаа дуустал даатгалд хамрагдах барьцаалбар үйлдэх,
  • Үндсэн зээлдэгч өмнө нь орон сууцны ипотекийн зээл болон өмчлөөд түрээслэх орон сууцны зээлд хамрагдаагүй байх

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ипотекийн асуудалд гараа дүрдэг болсон. Тус яаманд буй “Хуримтлалын сан”-гаас тодорхой санхүүжилт гарч байгаа гэдэг утгаараа. Зээл хүлээгдэх хугацаа уртасчихсан учраас түрүүлж зээл олгох зорилтот бүлгүүдийг тодорхойлох ажил хийж байгаа гэж сайд нь тайлбарладаг. Ингэхдээ, анх удаа байр авах гэж байгаа, 35 хүртэлх насны, хоёр болон түүнээс дээш хүүхэдтэй, орон сууцгүй өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд гэхчлэн үзүүлэлтүүдээр судалгааг хийж байгаа аж.

-Хот байгуулалт, барилга хот, орон сууцжуулалтын яам, уг нь чиг үүргийнх. Гэтэл энэ завсар яг юу байгаа, ямар бодлого хэрэгжүүлж байгаа нь асар тодорхойгүй байна.

-Банкууд хүсэлтээ хэвийн авч байгаа ч иргэд “48 сар хүлээнэ” гэсэн хариу сонсож байна-

Банкуудад санхүүжилт орж ирж, иргэдээс зээлийн хүсэлт авч байгаа эсэх талаар тодруулав.

ХААН банк: “2024 онд 3100 зээлдэгчийн 329.7 тэрбум төгрөгийн зээлийн олгосон. 2025 он гарсаар 556 зээлдэгчийн 60.7 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Шаардлага хангаж байгаа бол дарааллын дагуу ипотекийн зээлийг хэвийн олгож байгаа” гэсэн хариултыг өглөө.

ХХБ: “Ипотекийн зээлийн хүсэлт авсан хэвээр байгаа” гэлээ.

Ямартай ч хүсэлтээ авсаар, дарааллын дагуу олгосоор байгаа гэв.

Гэвч банкуудад ипотекийн санхүүжилт орж ирэхгүй байгаа тухай мэдээлэл бидэнд дуулдлаа. Сүүлийн нэг жил хагасын хугацаанд санхүүжилт нэмэгдсэнээс хойш ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа ч дагаад нэмэгджээ.

Хүлээлгийн хугацаа 24-36 сар байсан бол одоо 48 сар болсон байна. Бодит байдал дээр банканд хүсэлтээ өгсөн иргэд “48 сар буюу 4 жил хүлээнэ” гэсэн хариу сонсох болсон аж.

Энэ бол тэвчээр, шандас шалгасан ялангуяа байртай болох залуусын мөрөөдлийг мохоох хугацаа.

-Ипотекийн зээлийг 10-15 сая төгрөгөөр дараалалгүй гаргаж өгдөг бизнес цэцэглэсэн үү-

Харамсалтай нь, оочер дараалал нэмэгдэж, хүлээлтийн хугацаа уртсахыг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглагчид ч байна. Тодруулбал, дараалал харгалзахгүй буюу бусдын боломжийг дайруулж ипотекийн зээл гаргаж өгөх ажлыг хийж буй гэгдэв. Энэ банкуудын зээлийн эдийн засагч нарт байгаа гэх бөгөөд ханш нь одоогоор 10-15 сая төгрөгт хүрчээ. Аргаа барахдаа ингэж авлигын журмаар гаргуулж буй ч хүмүүс бий аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *