Сурвалжлага: Цирк үзэх иргэд төв талбайд 3-4 цаг оочерлож байна

0
IMG_6935-1536x948

Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлч төв талбайд зассан асарт долоо хоног үнэ төлбөргүй тоглолтоо хийнэ. Олон улсын циркийн тэмцээнүүдийн гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн болсон циркчдийн үзүүлбэрийг хүүхэд гэлтгүй томчууд ч үзэхийг хүсэх нь гарцаагүй. Учир нь ойрын жилүүдэд цирк хотын төвд үнэгүй тоглогдох нь битгий хэл нэгдсэн байдлаар дотоодын иргэдэд үзүүлбэрээ толилуулсан нь тун цөөн. Үүнээс шалтгаалж цирк үзэх иргэдийн оочер, цуваа үл тасарч, хүмүүс нярай, балчираа тэвэрч, хүүхдүүд найз нөхдөөрөө, анги хамт олноороо олон цаг оочерлож байна.

Төв талбай зун дуустал олны хөлд дарагдахыг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар онцолсон. Учир нь энэ хавар, зун улаанбаатарчууд төдийгүй жуулчдыг татах зорилгоор нийслэлээс олон төрлийн үйл ажиллагааг төв талбайд зохион байгуулна гэсэн юм.

Түүний нэг нь өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн орон, орны хоолны фестиваль. Сүрлэг асрын дараагийн хөтөлбөр нь “Циркийн өдрүүд”. Монголын циркчдийн авьяас, чадварыг дотоодынхон төдийгүй гадаадынхан гайхдаг нь үнэн. Тиймээс цирк үзэхээр олон цаг оочерлож байгаадаа иргэд бухимдахгүй байлаа.

ИРГЭД: ӨДӨРТ ГУРВАН УДАА ТОГЛОЖ БАЙГАА ГЭХЭЭР НЬ 11:45 ЦАГТ ИРЭЭД 3 ЦАГ ООЧЕРТ ЗОГСЛОО

Амралтын өдрүүдэд хүмүүс гэр бүлээрээ үзвэр үзэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх сонирхолтой байдаг ч нийслэлд зориулалтын газар цөөн. Үүнээс шалтгаалж хүмүүс парк, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, кино театр, хоолны газар л орж чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Үзвэрийн тухайд бүх насныханд зориулсан тоглолт, жүжиг мөн л ховор. Харин цирк бол бүх насныханд зориулсан гэдгээр онцлог.

Асар барьж, тайз зассан ч зориулалтын талбай, тайз биш учир хүмүүс цэлгэр, уужим биш байгааг мөн гэрэлтүүлэг, орчин нөхцөл дутагдалтай байна гэсэн юм.

Иргэдээс хэдэн цагт ирж хэр удаан оочерлож байгааг асуухад 15:00 цагийн үзвэрийг үзэхээр 11:45 цагаас ирсэн. Бямба гаригт 16:20 цагт ирээд сүүлийн тоглолт руу нь орж чадаагүй учир Ням гаригт нь зорьж ирсэн гэлээ.

Өдөрт нийт гурван удаа, нэг удаад 1200-1500 хүнд үзүүлбэр үзүүлж буй циркийг үзэхээр зорин ирсэн хүмүүст хүлээлгийн хугацаа тийм ч сонин биш байгаа аж. Ойрын жилүүдэд Монголынхоо циркчдийн тоглолтыг үзээгүй хүмүүст арга ч үгүй биз. Циркийн өдрүүдийн өдрийн гурван үзүүлбэрийн тухайд цаг тус бүрийн хөтөлбөр ялгаатай. Тухайлбал,

  • 11:00 цагийн А хөтөлбөр нь джигит, сармагчин, морь, пони зэрэг сургуулилттай жижиг амьтад, хөгжөөн баясгагч алиалагч, дээсээр наадагчид, илбийн үзүүлбэр, нугаралт, чанга утас, жонглёр, ролик, тэнцвэр, шидэх банз, парад гэсэн 90 минутын 80 гаруй уран бүтээлчдийн үзүүлбэр,
  • 15:00 цагийн Б хөтөлбөр нь джигит, сармагчин, морь, пони зэрэг сургуулилттай жижиг амьтад, хөгжөөн баясгагч алиалагч, дээсээр наадагчид, илбийн үзүүлбэр, нугаралт, дугуйтай жонглёр, акробат 2, ролик, тэнцвэр, шидэх банзнаас үсрэгчид зэрэг 82 уран бүтээч оролцсон 80 минутын үзүүлбэр,
  • 18:00 цагийн В хөтөлбөр нь джигит, сармагчин, морь, пони зэрэг сургуулилттай жижиг амьтад, хөгжөөн баясгагч алиалагч, нугаралт, илбийн үзүүлбэр, цагирагаар наадагч, дугуйтай жонглёр, ойдог бөмбөг, алиалагч, шидэх банзнаас үсрэгчидтэй 70 гаруй минутын 62 уран бүтээлчийн үзүүлбэртэй.

ҮНЭ, ТӨЛБӨРТЭЙ НЬ ХАМААГҮЙ, ЦИРКИЙН БАРИЛГАА ЗОРИУЛАЛТААР НЬ АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ

Сүржин нэртэй циркийн өдрүүд төв талбайд болж байгаа ч товчхондоо бол Монголын циркчид зориулалтын байргүйгээс түр асарт, гудамжид тоглолт хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчид циркийн олон төрлийн үзүүлбэрээ иргэдэд талбайд нээлттэй толилуулж байгаа нь сайхан ч үзүүштэй энэ тоглолтыг зориулалтын тайз, талбайд үзэхийг иргэд хүсч байгаагаа хэлж байв.

Төв талбайд 2-3 цаг гэр бүл, найз нөхдөөрөө дараалалд зогсч байгаа хүмүүс хоорондоо циркийн тоглолт 30, 40 мянган төгрөг байсан ч хамаагүй улирал бүр “Аса”-д тогловол дуртайяа үзнэ гэж ярилцана.

Цирк нь ашиглалтад орчихсон байхад уран бүтээлчид нь хувцас солих ч өрөөгүй түр асарт тоглолт хийж байгаа нь харамсалтай юм аа гэж уулга алдах үзэгч ч олон таарав. Одоогоос нэг жилийн өмнө мэргэжлийн сүмо бөхийн Их аварга, Асашёорюү Д.Дагвадорж “Монгол циркийн 80 жилийн ойг нөхөн тэмдэглэнэ” гэдгийг хэлж байсан юм. Гэтэл өнөөдөр циркчид ойн баяраа тэмдэглэх нь битгий хэл байргүй байгаа нь харамсалтай. Хэдий Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тус ойн баярын хүрээнд циркийн өдрүүдийг тэмдэглэхээр болсон гэж мэдээлсэн ч циркчдэд, үзэгчдэд ойн өдрүүд нь тийм ч баяртай санагдахгүй байгаа нь лавтай. Уран бүтээлд, циркид хайртай хүмүүс үүнийг батална.

Энэ жил Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль буюу олны хэлж заншсанаар хуучин циркийн 85 жилийн ой тохиож буй. Монгол Улсын консерваторийн циркийн тэнхмийн оюутан, сурагчид нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах хувийн зааланд бэлтгэлээ хийсээр байгаа. Тэд өмнө нь Монголдоо цор ганц, олон улсын стандартад нийцсэн барилга буюу “Аса” циркэд бэлтгэл сургуулилалт хийж, түрээсэлдэг байсан. Гэвч өнгөрсөн дөрвөн жил сарын 15 сая төгрөгөөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах хувийн байр түрээсэлж байгааг багш нар нь хэлсэн юм.

Сүүлийн 20 шахам жил Монголын циркчид ийнхүү байргүй, баяраа тэмдэглэхдээ түр асарт долоо хоног тусгай номеруудаа үзүүлэх нь.

Нэг талаар иргэдэд тус өдрүүд сайхан дурсамж үлдээж байгаа ч нөгөө талдаа олон хүнд нэгийг бодогдуулж байгаа нь лавтай биз.

МОНГОЛЫН ЦИРКЧИД МАШ ЧАДВАРЛАГ БАЙНА

“New York Times”-ын сэтгүүлч Дэвид Пьерсон Улаанбаатарт ирэхдээ 2023 онд Монголын циркийн сурагч, багш болон мэргэжлийнхэнтэй уулзаж, циркийн талаар сэтгэгдлээ бичсэн байдаг. Тэрбээр, монгол циркчид эх орноосоо бусад газарт од гэдгийг тодотгон бичиж байсан нь олон хүнд хүрсэн. Нийтлэлийг энд дарж унших боломжтой. Циркийн үзүүлбэрийг үзэгчид өнөөдөр яг л түүнтэй ижил сэтгэгдэлтэй байна.

Илбийн үзүүлбэр, нугаралт, чанга утас, жонглёр, ролик, тэнцвэр, алиалагч зэрэг нь олон улсын цирктэй харьцуулашгүй байгааг үзэгчид хэлж байгаа юм.

Түүнээс гадна цагирагаар наадагч, дугуйтай жонглёр, ойдог бөмбөг, шидэх банзнаас үсрэгчдийн үзүүлбэр хүүхдүүд гэлтгүй томчуудыг ч алмайруулж чадаж байгааг онцоллоо.

ЦИРКЧДИЙН НЭГДСЭН ТОГЛОЛТ ЛХАГВА ГАРИГ ДУУСТАЛ ТОГЛОГДОНО 

Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, монголын циркийн уран бүтээлчид Улаанбаатар хотын төв талбайд долоо хоногийн турш тоглолтоо хийхээр болсон. Тоглолт энэ сарын 16-22-нд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Сүхбаатарын талбайн асарт үнэ төлбөргүй болж, уран бүтээлчид циркийн олон төрлийн үзүүлбэрээ иргэдэд нээлттэй толилуулж буй.

Зорин очих иргэд хүлээлгийн хугацааг тооцоолж 2-3 цагийн өмнө очихыг зорион байгуулагчид завлөлөө.

Эх сурвалж: Nnews.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *