ЗГ: Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо

0

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан тус бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны тавдугаар сарын 14-нд багтаан эхлүүлж, төлөвлөгөө гарган ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаны хүмүүст даалгаж, төмөр замын барилгын бүсэд техник, тоног төхөөрөмж, барилгын болон өдөр тутмын бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийж, БНХАУ-ын талтай уялдаа холбоог хангаж, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг анхаарууллаа.

Улсын Их Хурлаар баталсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж тусгасан. Тус төслийг хэрэгжүүлснээр манай улсын нийт экспорт болон, зорчигч, ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.

Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэх  бөгөөд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.

 Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо

Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, вакцин, хүний нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлаа хангах, дархлаажуулалтын бодлого боловсруулан хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн товлолын дархлаажуулалтын хамралтын байдалд эрүүл мэндийн байгууллагатай хамтран хяналт тавьж, нөхөн дархлаажуулалтыг дэмжих, анги, танхимын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт тус тус үүрэг болголоо.

Улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, үндэсний товлолын дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлж, ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *