“Үндэсний үйлдвэрүүдийг дампууруулчхаад дуртай үнээ хэлж түүхий эд авдгийг зогсоох хэрэгтэй”

Энэ хаврын гол сэдвүүдийн нэг “ноолуур” боллоо. Учир нь “ Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Монгол улс зөвхөн самнасан ноолуур экспортлох шийдвэр гаргасан. Энэ бодлогоор дамжуулан дотоодын үйлдвэрүүддээ нэмүү өртөг шингээж, эдийн засгаа дэмжих зорилготой ч, БНХАУ руу угаасан ноолуур гаргаж сурсан ченжүүд, зарим малчдын дунд үл ойлголцол, бухимдал үүсээд буй.
Тэгвэл үндэсний үйлдвэрлэгчид энэ шийдвэрт хэрхэн хандаж байгаа талаар бид “Ханбогд кашимер” компани болон “Star Blue Cashmere” самнах үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, байр суурийг нь сонслоо.
Ханбогд кашимер компани гуравдугаар сарын 25-аас эхэлж зүүн аймгуудын ноолуурыг 158-165 мянган төгрөгөөр авсан. Булган, Архангай, Хөвсгөл зэрэг баруун аймгийн ноолуурыг 136-142 мянган төгрөгөөр авч эхэлжээ. Малчдын 70 орчим хоршоодоос 350 тонн ноолуур авч үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. “Ханбогд кашимер” компанийн захирал Ч.Ганцэцэг хэлэхдээ
“Түүхий эдийг экспортлох нь урт хугацаандаа бидэнд ашиггүй. 20 жил яригдсан тогтоол гурван ч удаа цуцлагдаж, үндэсний үйлдвэрүүдэд хүнд цохилт болж ирсэн. Хэрэв энэ удаа ченжүүд, Хятадуудтай нийлж ахин цуцалбал манай үйлдвэрүүдийн ирээдүй бүрхэг болно.”
Энэ жил Хятад, АНУ хоорондын эдийн засгийн тарифын зөрчил зах зээлд тодорхой нөлөө үзүүлж байна. Урд хөрш сүлжмэл бүтээгдэхүүнээ Америк руу экспортлогдохдоо 230 хувийн өндөр татвар төлөх болсноор дотоодын ноолуураа ч бүрэн авч чадахгүй байгаа. Ноолуур авахгүй байгаа нь манай Засгийн газрын тогтоолоос болсон хэрэг биш хоёр том гүрний тарифын зөрчлөөс шалтгаалсныг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Харин ч бид зүүн аймгийн ноолуурын 95 хувийг үндэсний үйлдвэрлэлээрээ шингээж чадсан. Энэ бол том амжилт.
“Сүүлийн 30 жил бид түүхий эдээ Хятадуудад алдаж, үйлдвэрүүдээ өсгөж чадаагүй. Энэ чигтээ түүхий эдээ урагшаа хямд гаргаад байвал үндэсний үйлдвэр хэзээ ч хөгжихгүй. Энэ цаг хугацааг л давчихвал байдал дээрдэнэ. Бид малчидтай илүү ойр ажиллаж, ашигт ажиллагааг ойлгуулж байгаа.
Бидэнд нэг хонины нэхийг 15 –18 мянган төгрөгөөр авч үндэсний үйлдвэрлэлүүд үнийг нь дийлэхгүй зарим сайн үйлдвэр хаалгаа барьж байсан түүх бий. Тухайн үед 15 мянган төгрөг байсан хонины нэхий өнөөдөр 500 төгрөг болчихсон. Үйлдвэрүүдийг нь дампууруулчхаад дуртай үнээ хэлж авдгийг зогсоох хэрэгтэй.
“Ханбогд кашимер” өнгөрсөн жил нийт бүтээгдэхүүнийхээ 80 хувийг экспортолж, 20 хувийг сүлжмэл бүтээгдэхүүн болгож байсан бол энэ жил 40 хувийг дотооддоо боловсруулж, үлдсэн 60 хувийг Итали, Англи, Солонгос руу экспортлохоор төлөвлөжээ. Эхний ээлжийн экспорт тавдугаар сарын 1-нээс эхлэх аж.
“Гадаадын томоохон захиалагчид Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд өндөр татвар төлдөг. Харин Монголын үйлдвэртэй хамтарвал ердөө 10 хувийн татвар төлнө. Тиймээс манайтай хамтрах сонирхол нэмэгдэж байна.”
“Самнасан ноолуурыг зөвхөн Хятад биш, Итали, Англи, Солонгос, Энэтхэг зэрэг олон улс авч байна. Тиймээс Монгол Улс ноолуур гаргахгүй болсон гэсэн ойлголт буруу. Харин ч нэмүү өртөг шингээж гаргах бодлого хэрэгжиж эхэлж байна гэв.
Star Blue Cashmere: 100 хувь самнаж экспортолж байна
“Star Blue Cashmere” 2005 онд угаах үйлдвэрээр үйл ажиллагаагаа эхэлж, 10 жилийн өмнөөс самнах үйлдвэртэй болсон. Энэ жил тэд 70 ширхэг шинэ машин бүхий самнах үйлдвэр барьж, үйл ажиллагаагаа тэлж байна. Тус компани гуравдугаар сарын 25-наас зүүн аймгуудаас 165 мянган төгрөгөөр ноолуур авч эхэлсэн бөгөөд орон нутгийн долоон хоршоотой хамтарч, мөн малчдаас үйлдвэр дээрээ ноолуур авч байна.
Өмнөх жилүүдэд 70 хувийг угааж, 30 хувийг самнаж байсан бол энэ жил 100 хувийг самнаж, экспортолж байгаа аж. Засгийн газрын шийдвэр үйлдвэрлэлээ тэлэх, зах зээлээ томруулах том боломж гэдгийг менежер н.Мягмар хэлж байлаа.
Засгийн газар баруун бүсийн ноолуурын үнийг тогтвортой байлгах, дотоодын үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор ноолуур барьцаалсан, сарын 1.2 хувийн хүүтэй зээл олгох асуудлыг хэлэлцэж буй. Үйлдвэрүүдийн зүгээс энэхүү дэмжлэг хэрэгжвэл Хятадын тал ноолуургүй хоцрохоос эмээж, Монголын үйлдвэрүүдтэй хамтрах сонирхолтой болно гэдгийг хэлж байлаа.



Эх сурвалж: gogo.mn