“Хүн гүтгэдэг байгууллага дампуурдаг”

0

16 : 40

2025-4-24

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

Миний хувьд хэвлэл мэдээллийн байгууллагын зовлон жаргалыг 28 жил үүрч явлаа. Хүн гүтгэх гэдэг нь тухайн хүний ёс зүйн асуудал байдаг. Энэ асуудлыг олон улсад нээлттэй мэдээллээр зохицуулж өгдөг юм билээ. Тухайлбал, Швед улс хамгийн алдартай эрх чөлөөний тухай хуультай. Бүх мэдээлэл нь нээлттэй. Үндэсний аюулгүй байдал, төрийн онцгой асуудал нь л нууц бусад асуудал нь бол бүгд нээлттэй байдаг. Мэдээлэл хэдий чинээ нээлттэй байна тэр хэрээр сэтгүүлчийн гүтгэх эрх чөлөө хаагддаг. Ижилхэн хоёр зүйл дээр бид маргаад байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад өөрөө дампуурах эрх чөлөөг өгөх ёстой. Эх сурвалжаа нууцлах асуудал бол сэтгүүлчдийн олон жил мөрөөдсөн асуудал. Үүнийг тусгаж өгсөн нь маш сайн байна. Гэвч хэд хэдэн асуудал байна.

Хэвлэл мэдээллийн редакц гэж ямар газрыг хэлэх юм. Татвар төлдөг байх ёстой. Татвар төлж хариуцдагаа хүлээдэг байх ёстой.

Камертай, хэдэн компьютер тавьчхаад, рийл хийдэг, тасалдаг хүмүүс нийлж сууж юм хийхийг мэргэжлийн байгууллага гэж хэлж болохгүй. Төрийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг сурталчлахдаа тендер зарлах нь зөв. 

15 : 13

2025-4-24

Хэвлэл мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав. 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл орж ирж байгаа нь сайшаалтай. Өргөн барьснаас хойш салбарынхан олон байр суурь илэрхийлж байгаа. Нэр төрийг хамгаалах зохицуулалтыг субъектийнх хувьд хөндөгдөж байгаа эрх ашгийнх нь хувьд ялгаж, салгаж чадсан уу? 

Хууль зүйн сайд О.Алтангэрэл асуултад хариулав. Тэрбээр, уг хуулийн төслийг УИХ-д өргөн барихын өмнө сэтгүүлчдийн дунд дөрвөн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. ОУ-ын байгууллагатай хоёр удаа хэлэлцүүлэг хийсэн. Байгууллагын талаар бага оруулах гэж хичээсэн. Ямартай ч эрх зүйн зохицуулалтын үндсийг нь тавьчихъя. Гомдол гаргаж байгаа хүн хэвлэл мэдээллийн редакцид болон өөрийн зохицуулалтын байгууллагад хандаж болно. Цаашлаад шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа. 

УИХн гишүүн Х.Баасанжаргал: Төлбөртэй нэвтрүүлэг хийж байгаа тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагууд түүнийгээ иргэдэд мэдээлэх ёстой байтал огт тэгэхгүй байна. Үүн дээр ямар зохицуулалт хийсэн бэ? 

Хууль зүйн сайд О.Алтангэрэл тэрбээр, Хуулийн төслийн 6.5 дах зүйлд тусгасан байгаа. Тодруулбал, төрийн байгууллагууд өөрийн үйл ажиллагааг сурталчлах бол тендер зарлаж сонгон шалгаруулна” гэж хуульд заасан байгаа гэв. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Олон нийтийн цахим сүлжээг хэрхэн зохицуулсан байгаа вэ. Эерэг зүйлүүд их байгаа ч сөрөг зүйлүүд маш их гардаг шүү дээ. Сошиал чинь албан бус хэвлэл болсон. Хүссэн хүн нь хэн нэгэн дээр очоод гар утсаараа шууд бичлэг хийдэг. Тролл хаягууд байна. Энэ мэт асуудлыг яаж зохицуулах вэ. 

Энэ удаагийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн зорилго нь мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн сэтгүүлчийн асуудлыг хөндсөн. Бусад инфлүүнсэр гэдэг ч юм уу олон дагагчтай лайв хийдэг хүмүүсийг өөр хуулиар зохицуулах байх. Энэ хуулийн хүрээнд зохицуулахгүй. Харин мэргэжлийн хэвлэлд харьяалагдах мэргэжлийн сэтгүүлчид ажлаа хийснийхээ төлөө шийтгэл хүлээхгүй байхаар зохицуулж байна гэх хариултыг Хууль зүйн сайд О.Алтангэрэл өгөв. 

13 : 12

2025-4-24

“Баруун аймагт гурилын үнэ илүү өндөр байна”

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:


– Тэрбээр, энэ хууль ямар зорилготой байсан тодорхойгүй болчихлоо. Дотоодын үйлдвэрүүдийн дампуурч байгаа, гурилын үнэ өсч байгаа нь татварын асуудал биш байна. Тээвэр гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, баруун аймагт гурилын үнэ илүү өндөр байна. Тэнд яаж тогтвортой байлгах юм. Үүн дээр яаж анхаарах юм. 

УИХ-ын гишүүн Болорчулуун, тэрбээр өнгөрсөн жил хууль барихдаа үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж хугацаатай барьсан байсан. Хуулийн зорилго жилийн дотор биелсэн. Цаашид хүн амаа дотоодын чанартай гурилаар хангах бодлого баримтална. Баруун бүсийн гурилын хангамжийг нэмэгдүүлнэ. Зүүн бүсэд ч ялгаагүй. Зохиомлоор үнэ өсгөнө гэж байхгүй” гэх хариултыг өгөв.

12 : 56

2025-4-24

“Дотоодын компаниуд өчнөөн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан”

УИХ-ын гишүүн П.Ганзориг: Иргэдэд хямд үнээр гурил зарах гэсэн нь зөв. Гэхдээ импортын татварыг тэглэж хараат байдалд шилжих гэж байна. Гурилын импортын татварыг тэглэсэнтэй холбоотой 40 хувийн хамааралтай болно. 37 гурилын үйлдвэртэй байсан ч бодлогын буруугаас болж 9 үлдсэн байна. Валют гадагш урсаж байна. Төр засгийн бодлого тогтвортой, оновчтой байх ёстой. Хөрш болон бусад орны барааг оруулж ирж дотоодын үйлдвэрт хүнд цохилт өгнө гэдэг төрийн бодлого биш байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-Гурилын импортын үнийг тэглэснээр үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл, гурилын үнэ тогтвортой байхад нөлөөлсөн гэж харж байгаа. Гэтэл нэг жилийн дараа импортын татвараа сэргээе гэж байна. 2021-2023 онд буудайны үнэ нэг тонн тутамд 26.4 хувиар өссөн байна. Гэтэл гурилын үнэ нэг кг тутамд 52.3 төгрөгөөр өссөн. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас үндэслэлгүй гэсэн. 2021-2023 онд дотоодын компаниуд ямар дэмжлэг авсан юм бэ. Есөн компаниа 23.8 тэрбум төгрөгийг арав гаруй хувийг авсан байна. Үүнээс 8 орчим хувийг нь Засгийн газар даасан. Энэ бүгд татвар төлөгчдийн халааснаас гарсан. ААН-үүд гурван хувийн хүү төлсөн. Ийм байхад гурилын үнэ өссөөр байна. Хөдөө, аж ахуйн яам монопол компанийн халаасанд орсон. Бид дотоодын үйлдвэрүүдийг л дэмжээд л байгаа. Үндэсний үйлдвэрээ сөхрүүлье гэсэн хүн энэ танхимд нэг ч байхгүй. 

10 : 46

2025-4-24

“Монополь болсон гурилын үйлвэрүүдийн хэвлэлийн төлөөлөгч шиг битгий ажилла”

УИХ-ын гишүүн Баасансүрэн ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяраас дараах асуултыг асууж хариулт авав. 


-Шинжилгээнд ирсэн дотоодын улаанбуудай чанарын шаардлага хангахгүй байна гэсэн мэдээлэл байна. Дотоодын үйлдвэрүүдээ дэмжээд л байдаг. Гэтэл эргээд чанартай улаанбуудай, гурил үйлдвэрлэхгүй байхад яах юм. Энэ бол монголчуудын эрүүл мэндийн асуудал шүү. Татвараар дэмжээд байхад эргүүлээд чанараа сайжруулах тал дээр хэрхэн анхаарах вэ? Дээрээс нь дотоодын үйлдвэрүүдээ дэмжээд байхад дотоодын үйлдвэрүүдийн тоо улам цөөрөөд байна. Энэ дээр ямар хяналт, зохицуулалт хийх вэ. 

-ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:

“Гурилын үйлдвэрүүд цөөрч байгаа нь их өрсөлдөөн их байна гэсэн үг. Тийм учраас үйлдвэрүүдийн тоо цөөрч байна цаашид ч цөөрөх байх. Одоогийн байдлаар есөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хоёр үйлдвэр үйл ажиллагаа зогсоосон байна. Таван үйлдвэр 20 хувийн хүчин чадлаар ажиллаж байгаа бол 2,3-хан үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Улаанбуудайн тариалалтын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж байна. Монголын үйлдвэрүүдийн чанар сайжирч байгаа. Үйлдвэрлэлийн 40 хувийг гаднын зах зээлд алдсан гэсэн үг. Гурилын чанар муудсан гэж хэн хэлснийг мэдэхгүй. Харин гурилын чанар сайжирч байгаа. Төрөл ч мөн нэмэгдсэн. Тариаланчид улаанбуудайн хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж байна. Ургац тогтмол нэмэгдэж байна. Гурилын чанар муудсан гэх асуудалтай би санал нийлэхгүй. Гурил хямдхан байгаа. Өөрөөр хэлбэл, Алтантариа 1500 төгрөг, Өгөөж 1760 төгрөг, УБ гурил 2050 төгрөг, Өег гурил 1930 төгрөг, Дорнодын гурил 1790 төгрөг гэх мэт үнэтэй байна.Тээвэрлэлт, худалдааны төвүүддээ очоод үнэ нэмэгддэг. Тээвэрлэлтээс хамаарч худалдаанд 30-40 хувийн үнэ нэмэгддэг. Дундаж үнэ 1500 байгаа нь боломжийн үнэ” гэв.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: 

-Гурилын импортын татварын 15 хувийг сэргээвэл үнэ өсөх нь мэдээж. Хэрвээ үнэ нэмэгдэж, бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсвөл хэн хариуцлага хүлээх вэ? Инфляцад нөлөөлөхгүй гэсэн баталгаа байна уу?

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр тэрбээр, тухайн үед нь гурилын үнэ экспорт, импортын балансыг харж байгаад зохицуулалт хийнэ. Гурил бол ард түмний хамгийн их хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний нэг. Жил 100 мянган үр тариаг улс худалдан авдаг болчихвол тогтвортой байдлаа хангана. Экспортыг идэвхжүүлэх, шаардлагатай бол импортыг хязгаарлах, боомтод квот тогтоох гээд олон аргыг хэрэгжүүлж болно. Улаанбуудайн экспортыг асуудал болгоод байхааргүй зохицуулж боломж энэ ЗГ-т байна. Тэр эрхийг энэ хуулиар Засгийн газарт гаргаж өгөх хэрэгтэй. Үнэ асар их нэмж ашиг олсон зүйл байхгүй. Үйлдвэрүүд 2024 оны байдлаар 6-9 хувийн ашигтай ажиллаж байсан. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: 

-126 гишүүн дотор үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй гэх хүн байхгүй. Салбарын бодлого чинь буруу байгаа нь гол асуудал болж байна. Гурилын үнээ дийлэхээ болиод аргаа бараад импортын татварыг чөлөөлөөд нэг жил ч болоогүй байна. 2020 оноос хойш гурилын үнэ яагаад өссөн. Энэ талаар судалгаа, мэдээлэл байна уу. 37 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан байна. Гэтэл одоо энэ тоо ес болж буурсан байна. Яагаад ААН-үүд хаагдав. Үүнд ямар бодлого баримталсан юм. Үнийг зах зээл шийднэ гэдэг байр суурьтай байгаа юм байна. Ингэхээр иргэдийн нуруун дээр ачаа ирнэ л дээ. Эцэст нь салбарын сайд нь монополь болсон гурилын үйлвэрүүдийн хэвлэлийн төлөөлөгч шиг битгий ажилла. 

Ж.Энхбаяр тэрбээр, 2025 оны ургац хүртэл гурилын үнэ тогтвортой байна. Хууль хэрэгжсэнээс хойш 64,2 мянган тонн баяжуулсан болон баяжуулаагүй гурил импортолсон. Мөн 52 мянган тонн тэжээл импортолсон нь дотоодын үйлдвэрлэлд шууд нөлөөлж үнэ өссөн” гэлээ.

10 : 16

2025-4-24

“Гурил хямдхан байгаа”

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.24/хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 


  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/Засгийн газар 2025.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 3 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
  • Үдийн хойно 15:00 цагт дараах асуудлыг хэлэлцэнэ.

-Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар –

-2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *