“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах тендерийг дахин зарлав

Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдал, импортын бүтээгдэхүүний хэмжээг бууруулах, хямд өртөгтэй эрүүл хүнсээр хангах, инновац шингэсэн үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Агросити” дагуул хотыг барихаар төлөвлөсөн.
Дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг энэ сарын 8-ны өдөр дахин зарлалаа. Тендерийн материал хүлээн авах эцсийн хугацаа тавдугаар сарын 7-ны өдөр бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ.
“Агросити” дагуул хот нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 361-ын гарам, Рашаант, Жаргалант зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан суурьшлын бүсүүдтэй. Дагуул хотын нутаг дэвсгэрийн 9,000 га талбайд Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор “Эдийн засгийн тусгай бүс”-ийг байгуулсан.
Одоогийн байдлаар хотын уг суурьшлын бүсэд 2,689 өрхийн 7,652 иргэн оршин сууж байна. Тус бүсэд цахилгаан хангамжийн шугам сүлжээ хэвийн, бие даасан дулааны эх үүсвэртэй.
“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1743569957779 холбоосоор авах боломжтой гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.