С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд гарч олон хүн сандарч эхэлжээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.
Жилийн өмнө, 2024 оны тавдугаар сард ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Энхтөр “…Энэ хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНХ шинжилээгээний байгууллагын дэвшилтэт технологий ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНХ мэдээлэл тогтоосон. Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч ийнхүү анх удаа ДНХ мэдээлэл тогтоогдож байгаа юм. Энэхүү ДНХ мэдээлэл нь урьд өмнө С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бусад хүний ДНХ мэдээлэлтэй тохироогүй. Өөрөөр хэлбэл, ДНХ мэдээлэл нь хэнийх болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэж мэдэгдсэн юм.
АНУ руу илгээж шинжлүүлсэн дээрх үснүүдийг 1998 оны аравдугаар сарын 3-нд буюу уг эмгэнэлтэй явдлын маргааш хэргийн газраас талийгаачийн хувцаснаас авсан гэдэг мэдээлэл бий. Улмаар тухайн үед хэргийн газарт байсан асаагуур, үдээс, даавуу, хувцас, сүх, нүдний шил зэрэг дээрээс олдсон ДНХ мэдээллүүдийг эндээ, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ДНХ шинжилгээний лабораторид шинжлүүлсэн байна. Тэдгээрийн заримаас олдсон зарим ДНХ мэдээллийн эзнийг өнгөрсөн оны сүүлчээр Интерполоор эрэн сурвалжилж бэхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Тэгвэл, уг хэргийг шалгаж буй мөрдөн байгууллагын ажлын хэсгийнхний хийж гүйцэтгэсэн ажлуудад ахиц гарчээ. Тодруулбал, хэргийн газраас олдсон эд зүйлс дээрээс авсан ДНХ, хэрэгт сэжиглэсэн хүмүүсийн ДНХ-тай тохирсон байна. Ингэхдээ 99 хувиар буюу бараг нотолгоо гэж болохуйц өндөр хувьтай хариу гарчээ. Энэ дүн шинжилгээг зарлахад нэлээдгүй ойртож буй бөгөөд үүнээс болоод “энд, тэнд” байгаа олон хүн сандарч эхэлжээ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 77 (7574)