Х.Нямбаатар: Улаанбаатарт нүүрс, эрчим хүч, транзит, хүн тээвэр явна. Ачаа тээврийг хотоос гаргах юм

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт өнөөдөр эхэлжээ. Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд явах уг төмөр зам 102.5 км урт үргэлжлэх юм байна.
Уг төслийг хэрэгжүүлснээр жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэх боломж бүрдэх аж.
Төслийн талаар хотын дарга Х.Нямбаатар “Тээвэр логистикийн бизнес эрхэлдэг бүх ААН, байгууллагуудыг Хангарьд ордонд урьж, Хөшигийн хөндийд үнэ төлбөргүй газар олгох шийдлийг ярина. Хөгжлийн банк, Төрийн банк болон бусад байгууллагаас тээвэр логистикийн төвүүдийг нүүхэд таатай нөхцөлөөр зээл олгох асуудлыг шийдэх шаардлагатай байгаа.
Ачаа тээврийг хотоос гаргах хүрээнд Төв аймгийг Улаанбаатар хоттой холбосон авто замыг даацын, дөрвөн эгнээ болгох, шинэ нисэх буудлын баруун талаар Сонгинохайрхан уулын чиглэлд ирэх жил авто зам барина.
Улаанбаатар хотын дундуур хүн, транзит, нүүрс, эрчим хүчний гэсэн дөрвөн төрлийн тээвэр явна. Бусад ачаа тээврийг хотоос гаргах юм. Хүннү хотод төр хувийн хэвшлийн түншлэлээр логистикийн терминал байгуулна.
Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2,500 гаруй мэргэжилтнүүд оролцох бөгөөд дөрвөн сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулна. Ингэснээр 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэх боломж бүрдэх юм” гэж ярилаа.

Улаанбаатар хот доторх төмөр замын гармуудыг ачаа тээвэрлэх үед хоногт дунджаар 144 минут хаадаг байна. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам ашиглалтад орсноор нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл 20-30%-аар буурах тооцоолол гарчээ.

