БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

0
629f93eb26844821b15a374e42a7878b

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. 

Айлчлалын хүрээнд хүндэт зочид өнөөдөр /2025.04.28/ “Чингис хаан” үндэсний музейд зочилж, “Монголын эртний төрт улс”, “Их Монгол Улс” танхимаар орж, Их эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор бүтээсэн “Их хааны өргөө” дэх Их эзэн Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхов.

Хүндэт зочдыг “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун угтан авч, Монголын түүх, соёлын сор болсон бүтээлүүд, үзмэрүүдийг тайлбарлан танилцуулсан. Тэрбээр, манай хоёр улс 2000 жилийн тэртээгээс гүнзгий харилцаатай байсныг дурдаад, сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол, Солонгосын археологичдын хамтарсан баг Хүннүгийн археологийн судалгаанд томоохон дэвшил гаргасныг онцолсон юм. Тухайлбал, хамтарсан судалгааны баг Төв аймгийн Баянжаргалан сумын нутгаас Хүннүгийн хаадын зуны ордныг илрүүлснийг тодотгосон.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид Их эзэн Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхсон гадаадын анхны хүндэт зочид болж буйг “Чингис хаан” үндэсний музейн захирал онцлон тэмдэглэв.

Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дэд дарга П.Батчимэг болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

#айлчлал, #БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг,

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *