Аюулгүйн зөвлөлийн ах дүү гурвын андгай тасрав?!

Үндсэндээ, Монгол Улс тогтолцооны хувьд хоёр биш гурван туулай хөөж яваа хүнтэй адил. Төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ мөн гэж Үндсэн хуульд суулгаж өгсөн ч Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг даргалж, Зэвсэгт хүчнийг командлах бүрэн эрхийг эцэг хуулиар олгосон. Харин Засгийн газар нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага болохыг Үндсэн хуулиар мөн баталгаажуулж өгсөн билээ.
УИХ-ын даргыг парламентаас сонгодог бол Ерөнхий сайдыг УИХ-аас томилдог. Бүх ард түмний санал хураалтаар сонгогддог Ерөнхийлөгч хууль санаачлах, УИХ-аас баталсан хуульд хориг тавих эрхтэй. УИХ нь ард түмний засаглах эрхийг хангахаас гадна Засгийн газартаа хяналт тавих, хариуцлага тооцох үүрэгтэй. Харин Ерөнхий сайдад танхимаа чөлөөлөх, томилох бүрэн эрхийг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олгосон…,гэх мэтчилэн.
Тэгвэл Монголын төрийн гурван өндөрлөгт МАН-ын ах, дүү гурав сууж буй нь, У.Хүрэлсүх 2017 оноос ҮАБЗ-ийн гишүүн болсон агаад 2021 оноос Төрийн тэргүүний сэнтийд заларсан бол Л.Оюун-Эрдэнэ хуурай ахынхаа ачаар нам, төрийн тамгыг атгаад таван жил болж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентын спикерээр анх удаа сонгогдсон ч МАН-ын гал тогоог есөн жил барьсан. Тэгэхээр тэдний хэн, хэн нь улс төрд шинэ хүмүүс биш. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар нэг нутгийнх бол Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэ хоёр нэг үеийнх.
Гээд ганц үнэн нь тэд үүрдийн ах дүү, анд нөхөд явахгүй. Тэдний тосоо гартал тэврэлдэж, цусаа гартал зодолдох ганц том эрх ашиг нь эрх мэдэл, эрх мэдэл бас дахин эрх мэдэл. Хэн нь оргилын оройд эзэн суух вэ гэсэн тэмцэл МАН-ын цагаан байрны зөрчил биш Монголын төрийн ордны зовлон болж мэдэхээр байна.
Л.Оюун-Эрдэнэ парламентад 68 суудалтай эрх баригч намын дарга. Мөнгөтэй, эрх мэдэлтэй Засгийн газрын тэргүүн. УИХ-д 42 суудалтай АН болон найман суудалтай ХҮН намыг тэрбээр албан тушаал эрх мэдлээр аргамжсаны хувьд хүссэн нэг нь түүнийг огцруулж дөнгөхгүй.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн засгийг огцруулах акц үндсэндээ засгийг хамгаалсан ажиллагаа байсан нь одоо л нэн ойлгомжтой болж байна. Хэрэв Ч.Лодойсамбуу үнэхээр засгийн эсрэг “тийрэн” болохыг хүссэн бол Монголын улс төрд хэдийнэ түйрэн дэгдэж байх байлаа.
“Гэрэгэ” тауэрийн 15 давхарт Монголын Засгийн газрыг “нүүж” очсонд МАН-ын гишүүд халаасандаа салаавчтай, ханцуйдаа хутгатай явах болсон. Ил цагаан дуугарч байгаа нь Б.Энхбаяр болохоос Л.Оюун-Эрдэнийг огцруулах сонирхол засгийн танхим дотор нь ч, бий, намын бүлэгт нь ч байгаа. Хэзээ хэн чиглэл өгөхийг л хүлээж суугаа болохоос биш. Гээд Л.Оюун-Эрдэнийн хувь заяа Д.Амарбаясгалангийн гарт очих нь цаг хугацааны асуудал болжээ. Хоржоонтой нь, Д.Амарбаясгалангийн олон жил зорьж, өөрийгөө бэлдэж явсан албан тушаалын эрэмбэ дээр Л.Оюун-Эрдэнэ хуурай ахынхаа нэр, нөлөөгөөр “амар, хялбар” очсоны гашуун мэдрэмж түүнд мартагдаагүй шахам байхад Засгийн газар “Админерал” компанийн Бор тээгийн уурхай дээр байгуулсан гэрээг цуцалсан нь гал дээр тос нэмсэнтэй адилхан үйл явдал болсон нь лав. Гэвчиг М.Энхболд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн гээд гурван даргын гал тогоог базаж явсны хувьд Д.Амарбаясгалан тийм ч хуумгай хөдлөх хүн биш. Хэзээ хэний бөгсөн дээр бүлээн жин тавихаа хэдийнээ тооцсон суугаа биз.
Тиймээс УИХ-ын гишүүн Б.Баярбаатараар “Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал, Атрын аян зэрэг хөтөлбөрүүд дунд шатандаа очоод бүгд авлигажиж, саармагжиж байна. Хэрэгжилт байхгүй байгаа учир ажлын хэсэг ахалж байгаагийнхаа хувьд тариалан эрхлэлтийг дэмжих сан байхад зээл тусламж олгосон асуудлууд дээр УИХ-ын түвшинд хяналтын сонсгол хийх хүсэлтийг УИХ-ын даргад албан ёсоор гаргаж байгаа” гэсэн нь Ерөнхийлөгчид хандсан сануулга нь болох нь тодорхой.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын гал тогоог өөрийн хүндээ авч өгсөн. Я.Содбаатар бол У.Хүрэлсүхийн нэг дүр.
МАН-ын цагаан байранд нэг дүрээ бат байршуулсан нь У.Хүрэлсүх улс төрөөс явахгүй гэсний илэрхийлэл.
Н.Учралыг ЗГХЭГ-ын даргаар томилсон нь, түүнийг Женкогийн эсрэг тавьсан нь бүгд У.Хүрэлсүхийн дараагийн улс төрийн сценари. Гээд хэрэвзээ У.Хүрэлсүх Үндсэн хуулийг өөрчлөх замаар улс төрийн эрх мэдлээ улираах сонирхолтой байгаа нь үнэн бол энэ нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас мөн хамаарна гэсэн үг. УИХ-ын 90 орчим гишүүний дэмжлэгтэйгээр У.Хүрэлсүхийн хүсэл биелнэ. Нөгөө талдаа нутгийн хуурай дүү Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийг улираах хүсэл бий эсэх нь эргэлзээтэй, тэрбээр “Би хувьдаа Төрийн тэргүүнийг парламентаас сонгогддог байх нь зөв гэж үздэг”-ээ ч нэг бус удаа хэлж байсан билээ. Тэгвэл У.Хүрэлсүхийн дараагийн залгамжлагчаар тодроод буй Н.Учрал өнөөдөр л өрсөлдөгч нараа замаасаа зайлуулахгүй бол өөрөө замаас нь зайлахад хүрнэ. Тиймээс Женког дарж чадвал МАН-д болон Монголын улс төр дэх рейтинг нь өснө. “Төгрөг нуур” бол түүнд олдсон “бурханы хишиг” гэж харах ёстой юм.
Ийнхүү хөшигний араас удирдаж буй Монголын улс төрийн хөл толгойгүй бужигнааныг хөндлөнгөөс дүгнэвэл Аюулгүйн зөвлөлийн ах дүү гурвын “Андгай буй за” аль эрт тасарсан уу, аль хүрээд тасрах уу гэдэг нь анхаарлыг тэмдэг болжээ.