Шинээр солих “Төв цэнгэлдэхийн ногоон зүлэг”-ний худалдан авалтын үнийг дахин нууцлав

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанаар хамгийн анхаарал татаж, маргаан дагуулсан сэдэв бол шинэ хиймэл зүлэг. Долдугаар сарын 11-ний өдөр бороо үргэлжлэн орж, бөхчүүд зүлгэн дээр халтирч байв. Халтирснаас болж өвдөг шороодохоос гадна бэртэл, гэмтэл авсан нь ч бий.
Гэвч “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн захирал Ж.Энхжаргалан цахим хуудсаар дамжуулан уучлалт гуйснаас бусдаар ногоон зүлэгний асуудал буух эзэн, буцах хаяггүй замхарсан.
Учир нь тус халтирдаг ногоон зүлгийг худалдан авсан тендерийн мэдээлэл нээлттэй мэдээллийн санд байхгүй. Хэдэн төгрөгөөр худалдан авсан талаар Ж.Энхжаргалангаас нүүр тулж тодруулсан ч хариулт өгөөгүй.
Иймд бөхчүүд энэ жилийн наадамд тус халтирдаг зүлгэн дээр барилдахгүй гэх эсэргүүцлийг Ж.Энхжаргалантай уулзан илэрхийлж, зүлгээ солиулахаар болсон.
Энэ талаар Ж.Энхжаргалан “Бид өнгөрсөн жилийн алдаан дээрээсээ суралцаж, бөхчүүдтэйгээ зөвлөлдөж, туршиж байгаад наадмаас өмнө шинэ зүлэг тавина” гэж мэдэгдээд буй.
Гэвч өнгөрсөн жилийн адил ногоон зүлэг шинээр худалдан авах нээлттэй тендер зарлагдсангүй. Тиймд энэ талаар Нийслэлээс тодруулахад хариу мэдээлэл өгсөнгүй.
Энэ нөхцөл байдал нь дахин хаанаас хэдээр авсан мэдэгдэхгүй ногоон зүлэг дээр нийслэлчүүд наадаж, асуудал гарвал мөн л буух эзэнгүй замхрах эрсдэлийг дагуулав. Иймд нийслэл, төв цэнгэлдэх хүрээлэн яагаад дахин ногоон зүлэгний төсвийг нуув. Хаанаас зүлэг аваад байна гэх мэдээллүүд анхаарал татаж эхэллээ.