Тодорхойгүй, туйлбаргүй ертөнц дэх Монгол Улсын гадаад бодлого

0
images-for-wordpress-featured-image

Жижиг улсын сорилт шүүлэг

Олон улсын улс төрийн реалист дэг сургуульд олон улсын харилцааны орчин нөхцөл эмх замбараагүй хаос төлөвт байдаг гэж үздэг. Яагаад гэвэл гадаад бодлогыг хүн тодорхойлдог, гадаад харилцааг хүн явуулдаг. Гэтэл хүний мөн чанар угаасаа муу учраас энд хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг, хүчтэний өмнө хүчгүй нь буруутан болдог хууль үйлчилдэг ажгуу. 

Ийм хатуу ширүүн нөхцөлд жижиг улс олон улсын харилцааны субъектгэхээсээ илүү объект болох нь олонтоо, хувь заяаг нь өөрсдийнх нь хүсэл зориг биш, их гүрнүүд шийддэг учраас боломж, хязгаарлалт хоёроо тооцож амьдрах чадвараа дээшлүүлэхийг урьтал болгодог. Хүчгүйг нь хүчтэнээс хамгаалах тогтолцоо угаасаа байхгүй, тэр ч бүү хэл хүчгүй байсныхаа төлөө шийтгүүлдэг энэ ертөнцөд амьдрах чадвараа шударга ёсыг шаардаж хэрэг зарга үүсгэх замаар биш, хүчний харьцааг тэнцвэржүүлэн маневр хийж байж дээшлүүлдэг. Монгол шиг жижиг улсын хувьд энэ онолын хийсвэрлэл биш, жинхэнэ бодит байдал. Харгис хэрцгий боловч тогтвортой удаан үргэлжилсэн энэ бодит байдлыг реалполитик гэдэг ажгуу.

Гэтэл сүүлийн хэдэн жил Монгол Улс жижиг улсын цогц шинжтэй, архаг ужиг хязгаарлалтуудыг давсан гадаад бодлого явуулах болов. Өндөр, дээд хэмжээний олон зочдыг хүлээн авч, олон улсын хурал, чуулганууд зохион байгуулж, хүчирхэг хөршүүдээ өдөөж сөргөлгүй олон талт түншлэлээ бэхжүүлж чадлаа. 

Зөвхөн 2023 онд Ерөнхийлөгчийн түвшинд 12, УИХ-ын даргын түвшинд 6, Ерөнхий сайдын түвшинд 5, Гадаад харилцааны сайдын түвшинд 23 айлчлал хэрэгжүүлж Засгийн газар хоорондын 41 баримт бичиг байгуулсан бол 2024 онд Ерөнхийлөгчийн түвшинд 15, УИХ-ын даргын түвшинд 3, Ерөнхий сайдын түвшинд 8, Гадаад харилцааны сайдын түвшинд 8 айлчлал хүлээж авч Засгийн газар хоорондын комиссын 6 хуралдаан, ГХЯ хоорондын 19 зөвлөлдөх уулзалт хийж түүхэн дээд амжилт тогтоожээ. 

Олон талт хамтын ажиллагааг бас шинэ түвшинд ахиулсан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг санаачлан Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг 2023 онд Ази тивд анх удаа Улаанбаатарт хийсэн бол 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор НҮБ-тай хамтран Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт хийж тогтвортой хөгжлийн төлөөх Улаанбаатарын тунхаглал гаргасан. Мөн түүнчлэн 2025 оны 8-р сард Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс ОХУ, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэл, АНУ-тай стратегийн гуравдагч хөршийн түншлэл, Японтой энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл, БНСУ, БНЭУ, ХБНГУ, БНТУ, БНКазУ-тай стратегийн түншлэл, БНЧУ, Польш, Канад, Вьетнамтай иж бүрэн түншлэл, Австралитай өргөн хүрээний түншлэлийн харилцаа тус тус тогтоогоод байна.

Нүдэнд харагдахуйц эдгээр амжилтын цаана онол, арга ухааны нэг ололт байгаа нь тэр болгон анзаарагддаггүй, тэр нь юу гэхээр дипломат бодлого цэгцтэй байвал өршөөл энэрэлгүй неореализмын харгис хатуу орчинд ч жижиг улс ашиг сонирхлоо урагшлуулж чаддаг гэдгийг дэлхий нийтэд харуулсан явдал юм.

Үүнийг гадаад бодлогын амжилт гэхээс өөр аргагүй. Монгол Улсын гадаад бодлогын замнал неореализмын хуулийг давж гарах биш, дагаж сахих стратегийн тэвчээр гэдгийг сүүлийн 4 жил Гадаад харилцааны яам (ГХЯ) нотолж чадлаа. Энэ бол олон улсын улс төрийн онол практикт шинэ хэмжээс оруулахуйц сонирхолтой хэрэг юм.

Неореалист бүтэц

Кэннэт Вольц неореализмыг төвлөрсөн эрх мэдэл байхгүй, эмх журамгүй анархи төлөвөөр тодорхойлогддог олон улсын тогтолцоо гэж үзсэн. Жижиг улс хүч хэрэглэх чадваргүй, олон улсын бүтэц байгуулах боломжгүй учраас төрөлхийн эмзэг өртөмхий шинж чанартай.

Монгол Улс стратегийн хувьд харилцан уялдаатай, өргөн хүрээ хамарсан сул талуудтай. Газарзүйн байрлалаараа хоёр хөршөөсөө худалдаа, эрчим хүчний хамааралтай, эдийн засаг нь дан уул уурхайд төвлөрсөн, батлан хамгаалах чадавх сул, хүн амзүйн хэврэг бүтэцтэй, цаг уурын эрсдэлтэй, инститүцийн хувьд бэхжээгүй зэрэг сул тал нь дэлхий нийтийг хамарсан хямралын үеэр улам өсөж томордог.

Ийм нөхцөлд гаднын аюулыг бие дааж сөрөх биш, хоёр хөрштэйгөө сайн харилцаагаа хадгалахын зэрэгцээ гуравдагч хөршүүдтэй өргөн хүрээний хамтын ажиллагаа хөгжүүлж тэнцвэржүүлэх гэж оролдохоос өөр аргагүй. 

Энэ стратегийг неореалист дэг сургуульд зөөлөн тэнцвэржүүлэлт гэж нэрлэдэг, дипломат болон эдийн засаг, инститүцийн хөшүүрэг нь хүчирхэг улсуудтай сөргөлдөхгүйгээр хүчний тэнцвэргүй байдлыг тархаан салаалж тэгшитгэх явдал юм. Б.Батцэцэг сайд өмнөх сайдууд шигээ “гадаад харилцааг эдийн засагжуулах” гэдэг үзэл баримтлалын хувьд жаахан эргэлзээтэй, дотоод зөрчилдөөнтэй нэр томьёо огт хэрэглэхгүй “прагматик гадаад бодлого” гэж ярьж байгаа нь гадаад орчны энэхүү бодит байдлыг маш сайн мэдэрсэн, иш онолын айхавтар гүнзгий үндэслэлтэй бодлого төлөвлөлтийг илэрхийлсэн хэрэг.

Дипломат бодлогын амжилт

Монгол Улс өнгөрсөн 4 жил сайтар төлөвлөсөн, нарийн бодож боловсруулсан дэс дараалалтай дипломат цуврал арга хэмжээ хэрэгжүүлж хүлээж авсан айлчлалынхаа тоогоор түүхэндээ дээд амжилт тогтоосон. Өндөр, дээд хэмжээний айлчлалууд зөвхөн ёслол, бэлгэдлийн шинжтэй биш, өргөн агуулгатай байж өнөөгийн туйлширсан ертөнцөд манай улсын төвийг сахисан, итгэлтэй түншийн үүрэг өсөн нэмэгдэж байгааг дэлхий дахинд харуулсан. 

Олон талт хурал, чуулганд оролцоогоо нэмэгдүүлж НҮБ-ын чуулганаас эхлээд ардчилсан улсуудын хамтын нийгэмлэг, бүс нутгийн хүрээлэн орчны санаачилгууд хүртэл өргөн хүрээнд идэвхтэй ажиллаж дэлхийн тавцанд харагдах бараа, үзэгдэх цараагаа өсгөсөн.

Энхтайван, тогтвортой байдал, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тулхтай хөгжлийн талыг тууштай баримталж, төвийг сахихын хажуугаар сөргөлдөгч талуудыг яриа хэлэлцээрт идэвхтэй уриалж бүс нутагтаа өөрийн гэсэн эерэг имижийг бүрдүүлж чадсан.

Эдгээр ололт нь бүтцийн хязгаарлалт бодитоор үйлчилдэг неореалист ертөнцөд хүртэл дипломат бодлогоор улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж чаддаг болохыг харуулсан. Мэргэжлийн ур чадвар, чигч тууштай зохицол нийцэл, стратегийн харилцааны хүчинд Монгол Улс хүчний харьцааг өөрчилсөнгүй, аль нэг талыг дагаж хэлбийлгүйгээр аюулгүй байдлаа бэхжүүлж олон улсын байр сууриа өргөжүүлж чадсан. Энэ бол айлчлалын тоогоор түүхэн дээд амжилт тогтоохоос илүү ач холбогдолтой томоохон амжилт юм. Амжилтыг зөвхөн ГХЯ өмчлөхгүй, дотоодын оролцогч бүх субъектийн нэгдмэл ойлголтын үр дүн байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Онцлууштай нь одоогийн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өмнө нь бараг л хэвшиж тогтоод байсан “нэг цонхны бодлого” гэдэг бараг л үйлчилгээний байгууллагын гэмээр нэр томьёог хэрэглэхгүй “гадаад бодлогын нэгдмэл чанар” гэдэг мэргэжлийн үгээр зарчмаа тодорхойлж байгаа нь дээр дурдсан онолын иш үндэслэлтэй, нарийн дэс дараалалтай үйл ажиллагааны илэрхийлэл юм.

Дипломат албаны томилгоо

Дипломат алба мэргэжлийн байх ёстой боловч тэнд дотоод улс төрөөс хамгаалагдсан дархлаа байдаггүй. Ойрын үед Засгийн газар албанаасаа буусан улс төрчдийг Элчин сайд, Элчин зөвлөхөөр томилохыг шахах хандлага ажиглагдаж байна. ГХЯ уул нь мэргэжлийн өндөр шаардлага тавьдаг, гадаад томилолтын ихэнхийг мэргэжлийн дипломатуудаас бүрдүүлэх гэж сайд нь өнөөдөр хэрээс хэтэрсэн хүч гаргаж байгаа.

Дипломат өндөр албанд улс төрчдийг томилох хандлага дипломат албыг сулруулна гэсэн болгоомжлол нийгэмд нэлээд газар авч байна. Энэ бол маш үндэслэлтэй болгоомжлол. Гэхдээ яг үнэндээ байдал тийм ч найдваргүй болчхоогүй байна. Ардчилсан орнуудад элчин сайдуудын 30 хүртэлх хувийг улс төрийн томилгоо эзэлдэг ерөнхий практик байдаг. Өнөөдөр Монгол Улсын ГХЯ улс төрийн болон, мэргэжлийн дипломатуудын томилгоог 30:70 харьцаанд тогтмол барьж байгаа нь олон улсын хэм хэмжээтэй нийцэж байгаа хэрэг.

Манайх шиг эвслийн Засгийн газартай, улс төржилт ихтэй улсад энэ харьцааг барьж чадна гэдэг гадаад харилцааны сайдынх нь хувьд томоохон амжилт. Улс төрийн томилгоонд давамгайлах боломж олгохгүй, мэргэжлийн стандартыг сулруулахгүйгээр тэднийг шингээж чадсанаар ГХЯ Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхийн хажуугаар инститүцийн бие даасан байдлыг харьцангуй сайн хадгалж байгаа. Неореалист хандлагын үүднээс авч үзвэл дотоод улс төрийг мэдэрч инститүцийн чадавхаа хадгалах явдал гадаад аюулгүй байдлын амин чухал бүрэлдэхүүн хэсэг, ялангуяа амьдрах чадвар нь урьдчилсан таамаглал, итгэл даах тэнхээнээс бүрэн хамаардаг жижиг улсын хувьд энэ бол яах аргагүй амжилтын үндэс билээ. 

Жижиг улсын дипломат албаны хязгаарлалт

Дипломат алба хэдийгээр ажил үүргээ амжилттай сайн гүйцэтгэж байгаа боловч өнө мөнхийн хязгаарлалтуудаа үл тоомсорлох юм бол гэнэн хэрэг болно. Неореализмын онолоор олон улсын улс төрийн эмх замбараагүй орчин буян гавьяа, сайн үйлсийг шагнадаггүй, зөвхөн хүчийг хүлээн зөвшөөрдөг. 

Монгол Улсын дипломат бодлогын амжилт хэн бүхэнд сэтгэгдэл төрүүлэхээр боловч уугуул эмзэг өртөмтгий байдлыг үндсээр нь өөрчилж чадахгүй. Эдийн засаг, эрчим хүч хоёр хөршөөс ихээхэн хамааралтай хэвээр үлдэнэ. Далайд гарцгүй байршил нь аливаа хямрал гарсан тохиолдолд физик газарзүйн сонголтыг бүрэн хязгаарлана. Энд дипломат алба ямар ч мундаг ур чадвартай байгаад нэмэр байхгүй. Тэгэхээр Монгол Улс томоохон гүрнүүдийн хоорондох тектоник шилжилт хөдөлгөөнд үргэлж зохицох хэрэгтэй болно гэсэн үг

Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого ч гэсэн, амин чухал хэрнээ тодорхой хязгаарлалттай. Гуравдагч хөршүүд сэтгэл санаа, улс төрийн дэмжлэг үзүүлж чадахаас биш Монголыг хамгаалж Орос, Хятадтай стратегийн сөргөлдөөнд оролцохгүй, гаднын аюул заналхийлсэн тохиолдолд Монгол Улс экзистенциал сонголттой ганцаараа тулгарна. 

Энэ бол бодит байдал учраас манай гадаад бодлого эмзэг өртөмтгий байдлаа маш сайн ойлгож дөлгөөн хүчний арга ухаанд тулгуурлах ёстой гэдгийг ГХЯ-ны тодорхой зорилготой, дэс дараатай үйл ажиллагаа илэрхий харуулж байна.

Дипломат бодлогын ёс зүйн үндэслэл 

Монгол Улсын давуу талуудын нэг нь гадаад бодлогын ёс зүйн найдвартай үндэслэл юм. Ардчилсан үнэт зүйлс, энхтайвныг эрхэмлэсэн гадаад бодлого, олон улсын хуулийг хэлбэрэлтгүй дагах эрмэлзэл, байнгын төвийг сахисан статус нь Монгол Улсын дипломат бодлогыг даацтай болгодог. Илэрхий цинизм, хүчний улс төрд суурилсан өнөөгийн дэлхий ертөнцөд Монгол Улсын голч чигч дуу хоолой бусдаас ялгарч сонстох үндэслэл болдог.

Неореализмын нэг сул тал нь ард түмний легитим эрхийг үл тоомсорлодог явдал. Гэвч төр улсын баримталдаг нийтлэг хэм хэмжээ, зарчмуудыг ард түмэн нь хүлээн зөвшөөрсөн бол гаднаас дэмжлэг авч, холбоотны харилцаа тогтоож, аюул заналыг багасгах боломжтой. Жижиг улсын хувьд энэхүү легитим хүчин зүйл хатуу хүчийг хэсэгчлэн орлож чадах зөөлөн хүчний цөөхөн хэлбэрийн нэг. Монгол Улсын дипломат бодлогын амжилт зарим талаараа ихэнхдээ маш дутуу үнэлэгддэг нөлөөллийн энэ хэлбэрийн үр дүн юм. 

Реалист ертөнцөд амьдрах чадвар

Өнгөрсөн 4 жил Монгол Улсын гадаад бодлогын зорилтууд маш амжилттай хэрэгжсэн нь реализмыг идеализм ялан дийлсэн хэрэг биш, дипломат албаны мэргэжлийн ур чадвар, онолын найдвартай үндэслэл, удирдлагын алсын хараатай бүтцийн үйл ажиллагааны үр дүн. Жижиг улс орнууд түүхийн бөглүү хязгаарт шингээд алга болчихдог эмх замбараагүй анархи ертөнцөд цомхон боловч чадварлаг дипломат алба чухал үүрэгтэй, ард түмнийх нь легитим хүчин зүйл ач холбогдолтой, геополитикийн хамгийн хязгаарлагдмал нөхцөлд ч гэсэн жижиг улс олон улсын тавцанд өөртөө тохирсон орон зай гаргаж, нэр хүндээ өсгөж чаддаг гэдгийг Монгол Улс дэлхий нийтэд харуулж чадлаа. Олон улсын тавцанд нэр хүндтэй байна гэдэг жирийн иргэдийн хувьд гаднын ямар ч улсад очсон толгой дээгүүр, хараа өндөр бардам алхах эрхтэй байхыг хэлнэ.

Энэ бол бардамнал биш, сонор сэрэмж, санаачилга, стратегийн тодорхой байдлаа үргэлжлүүлэн хадгалахын чухлыг онцолсон сануулга. Том гүрнүүдийн сүүдэрт жижиг улс зөвхөн амьдрах чадвараа хадгалаад зогсохгүй, дуу хоолойгоо хүргэж чаддаг гэдгийг дэлхий нийтэд цаг үргэлж зарлан сонордуулж байх нь Монгол Улсын гадаад бодлогын бас нэг томоохон зорилт билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *