“Нарантуул, Да хүрээ, Өгөөмөр захын газар дээр орон сууц барих төлөвлөлт хийвэл нийслэлээс дэмжлэг үзүүлэх, техникийн нөхцөлөөр хангах санал тавина”

Туулын хурдны замын трасс дагуу Авто худалдааны цогцолборын баруун талд “Хайрхан” нэгдсэн захыг барьж байгаа юм байна. Уг зах дээр хотын дарга очиж, нөхцөл байдалтай танилцжээ.
“Хайрхан” захын дэд бүтэц, барилгын талаар улсын заан Ц.Магалжав “Нэгдсэн зах нь хүнс, барилгын материал, авто сэлбэг, гутал, хувцас, тавилга, цахилгаан бараа, малын эмийн сан, хөдөө аж ахуйн буюу малчдын хэрэгцээний бүтээгдэхүүн зэргийг худалдаалахад зориулсан бетон хийцлэлтэй 180 павильонтой, том оврын автомашины 210, суудлын автомашины 3,800 зогсоол, үйлчилгээний цэгүүдтэй, ус, цахилгаан зэрэг дэд бүтцийн шийдэлтэй байх юм. Одоогоор 60 гаруй павильоныг барьсан.
Захын орчимд 1-3 өрөөний сонголттой, 392 айлын орон сууцыг Монголд үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын хоёр компани 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж өгөхөө мэдэгдээд байна” гэж танилцуулав.
Хотын дарга Х.Нямбаатар “Туулын хурдны зам нь “Хайрхан” худалдааны төвийн урд талаар тавигдах учир нийслэлийн зүгээс орц, гарцыг гаргаж өгье. Ингэснээр тус худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэд хотын зүүн хэсэг рүү 15 минут явж очих бол Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай руу салдаг зам руу шууд хүрнэ.
“Нарантуул” худалдааны төвд 2,500 орчим иргэн худалдаа эрхэлж байгаа. Эдгээр худалдаа эрхлэгчид хувийн компани өөрийн хөрөнгөөр барьж байгаа “Хайрхан” захад нүүж ирвэл үл хөдлөх гэрчилгээтэй павильонуудыг санал болгох юм байна. Худалдаа эрхлэгчид хотоос нүүж ирвэл Нарны замын ачааллыг 20 хувиар бууруулна гэдгийг бидэнд хэллээ.
“Хайрхан” нэгдсэн захын авто замыг тендерээс хэмнэсэн зардлаар тавьж өгөх, Туулын хурдны замд орц, гарц гаргахыг НЗХГ-т үүрэг чиглэл болгож байна.
Улаанбаатар хотын худалдаа эрхлэгчдийг түгжрэлгүй, өөрийн үл хөдлөх хөрөнгөтэй зах руу нүүвэл нийслэлийн зүгээс бодлогоор дэмжинэ.
Авто худалдааны цогцолбор орчимд Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэртдэг. Лаг боловсруулах үйлдвэрийг барих ТЭЗҮ-ийг хийж дуусгасан, удахгүй тендер зарлана. Энэхүү үйлдвэрийг барьчихвал өмхий үнэртэхгүй.
Шинээр барьж байгаа ус цэвэршүүлэх үйлдвэрээс усаа татах зэргээр дэд бүтцэд бүрэн холбогдох боломжтой” гэв.
Харин захуудыг хотоос гаргах тухайд “Улаанбаатар хотод Да хүрээ, Нарантуул, Өгөөмөр, Дүнжингарав, Дэнжийн мянгын махны зах, 100 айлын барилгын материалын болон Хархорин зах орчмын авто замын түгжрэл хамгийн их байдаг. Замын түгжрэлийг сааруулахын тулд зах, худалдааны төвүүдийн удирдлагуудтай уулзаж дараах саналуудыг тавина” гэж мэдэгдлээ.
Нарантуул олон улсын худалдааны төвийн удирдлагуудад хотын зүүн талд захын үйл ажиллагаа явуулах газрын асуудлыг шийдэж өгөх саналыг тавина. Туулын хурдны замын зүүн төгсгөлд төлөвлөсөн газарт худалдаа эрхлэх боломжтой.
Өгөөмөр, Да хүрээ техникийн зах болон тухайн орчимд үйл ажиллагаа явуулж байгаа бүх ААН, байгууллагуудыг 22-ын товчооны Авто худалдааны цогцолбор руу нүүхийг санал болгоно. Ингэхдээ эдгээр худалдаа эрхлэгчдэд зориулж Туулын хурдны замд орц, гарц гаргаж өгнө. Автомашин, сэлбэгийн худалдаа эрхлэгчид Авто худалдааны цогцолборт нүүж очсоноор хуучин байршилд байснаасаа ч богино хугацаанд гэртээ ирж, очин, бизнесээ эрхлэх боломжийг бүрдүүлнэ.
100 айлын барилгын материалын захыг “Шинэ зуун айл” худалдааны төвтэй нэгтгэнэ гэж хэлнэ.
Дэнжийн 1000-ын махны захыг хотын баруун, зүүн талд байрладаг мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдтэй зэрэгцээ байршуулахаар ярилцана.
Нарантуул худалдааны төв болон Да хүрээ, Өгөөмөр техникийн захын одоо байгаа газар дээр орон сууцны хороолол барих төлөвлөлт хийвэл нийслэлээс дэмжлэг үзүүлэх, техникийн нөхцөлөөр хангах санал тавина.
Тэрбээр “Туулын хурдны замыг барихтай холбогдуулан Да хүрээ, Нарантуул захыг хотын хоёр талд хурдны замын төгсгөлд гаргана” хэмээн өмнө нь хэлж байсан билээ.